Коби Брайнт Бүх оддын од нь байлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Коби Брайнт Бүх оддын од нь байлаа

Хэдийнэ ахмад тоглогчдын эгнээнд багтах болсон ч NBA-ын өнөө цагийн өнгө
төрхийг тодорхойлж яваа супер оддын нэг Коби Брайнт домогт Майкл
Жорданы амжилтыг эвдэж, Леброн Жеймс тоглолтын төгсгөлд гайхамшиг бүтээх
дөхсөн гээд Бүх оддын тоглолт сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо. Орландо
хотын “Amway Center”-т болсон NBA-ын 61 дэх удаагийн Бүх оддын тоглолт
152:149 харьцаатай өрнөдийн оддын ялалтаар өндөрлөв. Коби Брайнт 27 оноо
авснаар Жорданы амжилтыг эвдэж, Бүх оддын тоглолтод хамгийн өндөр оноо
авсан тоглогчдын жагсаалтыг тэргүүлэх болсон бол “Оклахома Сити
Тандер”-ын Кевин Дурант 36 оноо авч, түүний багийн анд Расселл Уэстбрук
21 оноо авчээ. “Хаан” Жеймс тэргүүтэй дорнын одод 21 онооны зөрүүг ердөө
ганц болтол ойртуулсан ч эцсийн мөчид ялалт байгуулж чадсангүй.
Тоглолтын туршид Леброн 36 оноо авсан бол түүний хамт “Майами Хит”-д
хүчин зүтгэж буй Двейн Уейд трипл-дабл хийв. Тэрбээр 24 оноо авч, 10
удаа самбараас бөмбөг авалт, 10 удаа ассист өгснөөр Бүх оддын тоглолтын
түүхэнд трипл-дабл хийсэн Жордан болоод Жеймс нарын цөөн хэдэн оддын
хамт нэрээ мөнхөлсөн юм.

Бүх оддын тоглолтын MVP буюу үнэ цэнэтэй тоглогч нь Дурант байсан. Хэрэв
Коби энэ удаад MVP хүртсэн бол Бүх оддын тоглолтоос тав дахь шагналаа
гардаж, түүхэн амжилтын эзэн болох байсан. Гэхдээ 13 дахь тоглолтдоо
сонгогдон оролцсон “Хар мамба” хочит Коби шинэ түүх бүтээж чадсан юм.
Тоглолтын гуравдугаар үе өндөрлөхөөс 4:57 минутын өмнө самбарт
довтолсноор Жорданы 262 онооны амжилтыг ахиулсан тэрбээр Бүх оддын
тоглолтоос нийт 271 оноо авсан амжилтаар жагсаалтыг тэргүүнд бичигдэх
болж байна.

Бүх оддын тоглолтод дорнод бүсээс Уильямс 20 оноо, Кармэло Энтони 19,
Деррик Роуз 14 оноо авчээ. Харин өрнөд бүсийн оддоос бямба гаригт болсон
холын зайн шидэлтийн тэмцээнд түрүүлсэн Кевин Лав 17 оноо авсан бол
Крис Пол найман оноо авч, 12 ассист өгчээ.

Ашиглалтад ороод хоёрхон жил болж буй “Amway Center” бол NBA-ын хамгийн
шинэлэг, шилдэг гэж болох арена. Тиймдээ ч NBA-ын удирдлагын зүгээс 1992
оны дурсамж, дурдатгал үлдээсэн түүхт Бүх оддын тоглолтоос хойш 20
жилийн дараа шигшигдсэн шилдгүүдийн өрсөлдөөнийг Орландод зохион
байгуулсан юм. Өдгөөгөөс 20 жилийн өмнө тус хотод болсон Бүх оддын
тоглолт Мэжик Жонсонтой салшгүй холбоотой. ДОХ-ын халдвар авснаар NBA-ын
талбарыг орхисон тэрбээр зодог тайлснаас хойш гурван сарын дараа болсон
Бүх оддын тоглолтод оролцож, MVP хүртэж байсан билээ.

Харин энэ жилийн Бүх оддын тоглолт Леброн Жеймс, Двейн Уейд нарын
гайхалтай тоглолт, түүхэн амжилтын эзэн болсон Коби Брайнт, анх удаа Бүх
оддын эгнээнд нэгдсэн Эндрью Байнум, үзүүштэй тоглолт гаргасан Блейк Гриффин,
MVP хүртсэн Кевин Дурант нарын өрсөлдөөний талбар байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж