Стратегийн орд газрын жагсаалтанд орох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Стратегийн орд газрын жагсаалтанд орох ёстой гэв

Ховд нутгийн уугуул иргэд дуу хоолойгоо нэгтгэн тус аймгийн Дарви, Цэцэг сумын нутаг дахь Хөшөөтийн уурхайг стратегийн орд газрын жагсаалтанд оруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг хүсч Төрийн гурван өндөрлөг, улс төрийн намын дарга нарт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүллээ. Мэдэгдлийг Ховд аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн Н.Хүрэлсүх, “Хөшөөт Монголын нутаг” ТББ Тэргүүн Н.Бүргэд бусад гишүүд, Ховд аймгийн Дарви сумын нутгийн зөвлөл гишүүн, МУИС-ийн докторант  Ц.Мөнхбаатар, “Иргэний хөдөлгөөн”-ний хуульч н.Монгол нар өгсөн юм.  

Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутаг дахь Хөшөөтийн нүүрсний бүлэг ордуудыг эзэмшиж байгаа “Мо Эн Ко” ХХК нь 2007 гурван жил хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус компани нь Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан, Мөст, Цэцэг, Алтай, Үенч сумдын нутагт 15 лицензээр 64.000 га талбайг хамарсан нүүрсний болон бусад ордуудыг эзэмшиж, өөрийн цахим хуудаснаа 2.4-4.4 тэрбум тонн нөөцтэй гэж дэлхий нийтээр зарлаж, өнөөдрийн байдлаар 27 тэрбум Хонгконг доллар буюу 2.7 тэрбум ам долларыг эх нутгийн минь баялгаар босгоод байгаа талаар нутгийн иргэд ярьж байна.

1970-аад онд Монгол, Оросын геологичид улсын төсвөөр Хөшөөтийн ордод хайгуул хийхдээ уг орд нь эртний насжилттай, илчлэг өндөртэй 24 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэдгийг тогтоосон байна. Хожим 2007 онд “Мон-Эн-Ко” ХХК хайгуул хийж, 87.5 сая тонн нөөцтэй хэмээн тайлан гаргасныг “Эрдэс баялгийн зөвлөл” дэмжиж, АМХЭГ-ын дарга тушаалаараа баталж  өгчээ. Гэтэл “Мон Эн Ко” ХХК нь Австралийн “Лейтон” компанитай хамтран, 460 сая тонн нүүрс олборлох гэрээг 220 сая ам долларын өртөгтэйгөөр хийсэн талаар “Лейтон” компанийн мэдэгдлийг БЛУМБЕРГИЙН вебсайт зарласан билээ. Хамгийн гол нь гадаад, дотоодод гаргаж байгаа мэдээлэл хоорондоо эрс тэс зөрүүтэй байгаагаас гадна зөвхөн энэ баримт л уг орд стратегийн орд газрын жагсаалтанд орох зайлшгүй үндэслэл болж байгаа аж.  

“Мо Эн Ко” ХХК нь Гонгконгийн хөрөнгийн бирж дээр Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хөрөнгийн хэмжээ босгосон бөгөөд есөн лицензээр 2693 га талбайд хайгуул хийсэн. Өнөөгийн байдлаар хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа хөрөнгө зэргээс үзэхэд ДНБ-ийн таван хувиас хавьгүй их олборлолт явуулах нь илт харагдаж байгаа аж. Мөн “Мон Эн Ко” компани 2008, 2009 оны хайгуулын ажлын тайланг өнөөг хүртэл гаргаагүй байна.  

Тэдний мэдээлснээр:

• Нөөцийн тайлан болон Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй.
• Ордын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй .

Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйлийг зөрчихийн зэрэгцээ 340 км хатуу хучилттай замын Техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй байна. Төвийн болон орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудын шударга бус оролцоотойгоор:

• Үндсэн хуулийн бүлгийн 6.1-дэх заалт,  
• АМТХ-ийн 4.1.11,   55.1, 47.1,   47.2.1,   47.2.2,   25.1.6,   29   
• Газрын хэвлийн тухай хуулийн 20.2.1
• БОНБҮ-ний хуулийн 4.2, 6.1.2
• Газрын төлбөрийн тухай хуулийн 7.1.4
• Татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийг зөрчиж байна.

Мөн тэд хэлэхдээ “Хөшөөтийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтанд оруулах асуудлыг бүрхэгдүүлэн бүдгэрүүлэх, хувийн явцуу эрх ашгийг урьтал болгон асар их чармайн хөөцөлдөж байгаа хүн бол “Төслийн санаачлагч” хэмээн өөрийгөө зарласан манай МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд юм. Түүний олон удаагийн үйлдэл нь хамтарсан Засгийн газрын шийдвэр болон эх орны баялгаас иргэн бүрт хувь хүртээх төрийн бодлогыг эсэргүүцэж  байгаа хэмээн ойлгогдож байна. Түүнчлэн “Хоёр намын тодорхой нэр бүхий гишүүд, олигархиуд хоорондоо нэгдэн, улс орон, ард түмний эрх ашгийг уландаа дэвсэж байна” гэх хардлага төрүүлж байна. Энэхүү ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтанд оруулах талаар УИХ-ийн нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн холбогдох албаны хүмүүст асуулга тавьсан боловч уг ажлыг хариуцсан төрийн дунд, доод албан тушаалтнууд асуудлыг санаатайгаар бүдгэрүүлж байна. Тиймээс стратегийн ордод оруулах талаар нааштай арга хэмжээ авч, УИХ дахь намын бүлгүүдийн төвшинд хэлэлцэн, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарган шийдвэрлүүлж өгөхийг Та бүгдээс хичээнгүйлэн хүсье.
Хэрэв УИХ, Засгын Газраас дорвитой арга хэмжээ авч, шийдвэр гаргахгүй бол тус хөдөлгөөний гишүүд болон биднийг дэмжигч иргэний хөдөлгөөнүүдийн хамт уг уурхай, нүүрсний тээврийн гол газар болох Дэтгийн даваа, Барлагийн хавцалд цуглаан зохион байгуулж, зам хаах, суулт хийх, өлсгөлөн зарлах  хүртэл арга хэмжээ авахыг танд хариуцлагатайгаар мэдэгдье” гэж байлаа.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж