NBA-ын супер оддын нэг, “ЛА Лейкерс” багийн хамгаалагч Коби Брайнт домогт тоглогч Майкл Жорданы амжилтыг эвдэж, Бүх оддын тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогчдын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэх боллоо. Хэдхэн хормын өмнө өндөрлөсөн NBA-ын 61 дэх удаагийн Бүх оддын тоглолтод тэрбээр 27 оноо авсан бөгөөд гуравдугаар үеийн цаг өндөрлөхөд 4:57 минут дутуу байхад самбарт довтолж, оноо авснаар Майкл Жорданы 262 онооны амжилтыг эвджээ. Бүх оддын тоглолтоос дөрвөн ч удаа үнэ цэнэтэй тоглогчийн шагнал гардаж байсан Коби шигшигдсэн шилдгүүдийн өрсөлдөөнд 12 удаа сонгогдон оролцохдоо нийт 244 оноо аваад байсан юм. Харин энэ удаад 27 оноо авснаар өмнөө бичигдээд байсан Оскар Робертсон /246 оноо/, Карим Абдул-Жаббар /251/ нарын амжилтыг гүйцжээ.
NBA-ын домогт тоглогч Майкл Жордан Бүх оддын тоглолтод 13 удаа сонгогдон оролцохдоо нийт 262 оноо авчээ. Харин Коби Брайнт энэ өдрөөс эхлэн 271 оноогоор жагсаалтын тэргүүнд бичигдэх болж байна.
С.Цэлмэг