Нигерийн Жос хот дахь Христийн сүмийн гадна өчигдөр амиа золиослогчид машинд бөмбөг дэлбэлснээс гурван хүн амиа алджээ. Христийн шашинтнуудын хилэнг бадраасан энэ хэрэг өглөөний мөргөлийн үеэр гарсан байна. Гэрчүүдийн хэлснээр амиа золиослогчид тэсрэх бөмбөг суурилуулсан машинтай сүмийн гадна зогсоод өөрсдөө зугатаасан аж. Нигерийн Исламын радикал бүлэглэл Боко Харам дээрх халдлагыг зохион байгуулсан гэдгээ мэдэгдсэн байна. Дээрх дэлбэрэлтийн дараа Христийн шашинт залуус Исламуудыг өдөөн хатгаж, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Эмх замбараагүй байдлын үеэр Исламын шашинт хоёр залуу амиа алдсан байна. Үймээн дэгдээгчид унадаг дугуйтай явж байсан хоёр залуугийн замыг хааж зогсон, дугуйнаас нь чирж хөнөөсөн аж. Дээрх явдал гарах үеэр Исламын дүүргийн нэгэн дэлгүүрийг мөн Христүүд шатаажээ. Нигерийн Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан энэ явдлын дараа мэдэгдэл гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Христүүд болон Исламуудын хоорондох ялгаварлан гадуурхах үзэл энхийг эрхэмлэгч Нигерийн ард иргэдэд аюул заналхийлж байна. Гэвч өдөөн хатгалга явуулж, үндэстнийг хагалан бутаргах гэсэн этгээдүүдийн оролдлого ямар ч амжилт олохгүй” гэжээ. Өчигдрийн дэлбэрэлтээр сүмд мөргөл үйлдэж байсан аав хүү хоёр газар дээрээ нас барж, гэмтэж бэртсэн 38 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Халдлага үйлдсэн Исламын радикал бүлэглэл Нигерийн Засгийн газрын огцрохыг шаардаж, Исламын улс байгуулахын тулд олон удаагийн халдлага явуулсан юм байна.
Н.Энх