Түмний түрэлт Монголд

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Түмний түрэлт Монголд

Хосе Ортега-и-Гассет. XX зууны сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн түүний “La rebelion de las masas номыг
нь Ч.Энхээ гуай “Түмний түрэлт” гэдэг нэрээр монгол хэлнээ орчуулсан
байдаг бол, Г.Аюурзана гуай “Шинэ үеийн номын сан” цувралынхаа “Орчин
цагийн аугаа их сэтгэгчид” номондоо тусгай бүлэг болгон оруулж гол үзэл
онолыг нь тайлбарласан нь бий. Ортега-и-Гассетийн тэртээ 1930 онд бичиж
өрнийн ертөнцийг шуугиулж түүнийхээ хэрээр олон юмыг өөрчилсөн “Түмний
түрэлт”-ийн тухай ярилцангаа толинд харвал ямар вэ
? Монголчуудад өдгөө агуулгын асар том өөрчлөлт хэрэгтэй юм шиг санагдах тул үүнийг бичиж байна.

Ортега-и-Гассетийн үзэл онолд бишрэн шүтмээр гаргалгаа, гайхамшигтай санаа бодрол олон бий, бас бодож эргэцүүлэх зүйл ч бий.
Тэрбээр:

“Европын
орчин үеийн нийгмийн амьдралд үнэхээрийн чухал нэгэн өөрчлөлт гарсан нь
нийгмийн засаглалын бүх эрх мэдэл олон түмэнд шилжсэн явдал бөгөөд энэ
нь сайн муугийн алийг ёрлоод байгааг хэлэхэд хэцүү. Зарим
тодорхойлолтоор олон түмэн нь бүхэл бүтэн нийгмийн амьдралыг байтугай
өөрийнхөө амьдралыг ч жолоодох чадваргүй, тэгж зүтгэх ч эрхгүй гэдгийг
иш үндэс болгох ахул Европ өнөөдөр ард түмэн, үндэстэн соёлыг хамарч
болох хамгийн хүнд хямралыг туулж байна гэсэн үг. Иймэрхүү хямралууд
өмнө нь ч олонтаа гарсан, үр дүн нь ямар байсныг хэн бүхэн мэднэ. Нэрийг
нь бас мэднэ, үүнийг түмний түрэлт гэдэг нь” хэмээн
XX зууны
эхэн үеийн Европын нийгэм, улс төр, оюун санаа, ёс суртахуун, эдийн
засаг, шашин шүтлэгээс эхлээд амьдралын эгэл жирийн зан дадхалын өргөн
хүрээг хамарсан онол сэтгэлгээний ойлголт дэвшүүлсэн билээ. Түүний
тайлбарлаж буйгаар түмний түрэлтийн хамгийн ойлгомжтой жишээ бол
бөөгнөрөл, шавааралдалт юм. Хаа сайгүй хүн, хаа сайгүй хүн, хаа сайгүй
“хар масс”…

Соёл
иргэншлийн үр шимийг хүртэж буй “хаа сайгүй яваа хүн” гэгч нь
Ортега-и-Гассетийн хэлж буйгаар урьд нь олон түмний бүрэлдэхүүнд бус,
харин даян дэлхийгээр тархан, тэрүүхэндээ өөрийгөө болгон, бидний
хэлдгээр “хар амиа аваад явж байсан хүн юм”. Харин одоо тэд хашаа
саравчыг зад татаад хамгийн таатай гэсэн газартаа тухтай заларсан байна.
Нийгмийг чирч гулдарч авч явдаг цөөн шилдгийн оронд чирэгдэж чангаагдаж
явдаг аваргууд хар аяараа түрэн орж ирснийг ийн хэлжээ. Үүнийг бас
“гоцлол дуучид байхгүй, зөвхөн найрал дуу л ноёлов” хэмээн шоолсон байх
юм.

Нийгэм
олонх, цөөнхийн нэгдэл дээр оршдог гэдэг. Олон, олонхи, цөөн, цөөнх
гэдэг нь математик ойлголт, харин энэхүү математик ойлголтоос чанарын
ойлголт руу шилжихээрээ өмнө нь ухаарч байснаар онцгой гойд чадваргүй
цөөнхийг олонх гээд, цолорч ялгарсан авьяас билигтэй олонхийг цөөнх
хэмээн нэрлэх болсон ажээ. Дороо суурьтай, дотроо бодолтой байж
зорьсондоо хүрэхийн төлөө “зөвхөн хуулийн хүрээнд” тэмцдэгийг нь цөөнх,
шилэгдмэл, элит гэхчихлэн нэрлэх бол яг эсрэгээрээ өөрийн толгойгүй юм
шиг аялдан дагагчид, ямар ч зорилгогүй, зорилго байлаа ч “чадаж байгаа
юманд аргагүй” гэсэн дориун уриатай,  хөвж буй зомгол шиг явдаг
нөхдүүдийг олонх, хар масс гэхчихлэн нэрлээд бараг заншжээ. Нийгмийг
ингэж элит, элит бусаар нь ялгах нь тэднийг бодгаль шинжээр нь л ялгаж
буй хэрэг хэмээн судлаачид хэлдэг. Тэгэхээр үүнийг ялгаварлан гадуурхлаа
хэмээн ухаарахыг урьтал болгохгүй нь дээр болов уу. Энэ хоёр хэсэг ч
бас дотроо цөөнхийн цөөнх, цөөнхийн олонх, олонхийн цөөнх, олонхийн
олонх гэсэн хэсэгтэй байж болно.

Хүний
онцгой ур чадвар, авьяас билиг шаарддаг салбарт олонх оролцдоггүй
байсан, тиймээс цөөхөн баатрууд, олон цэргийг удирддаг. Өөрөөр хэлбэл
олонх өөрийн хийж гүйцэтгэж чадах л юмаа хийхээс бус “санаа байвч сачий
хүрэхгүй нь” гээд гүрийгээд байдаггүй байлаа. Цэр нь цээжинд, бөөр нь
бөгсөнд…

Харин
олон түмэн олон түмнийхээ шинжийг алдалгүйгээр цөөнхийн байр суурийг
олж авсан нь түмний түрэлт болов. Тиймээс “шинэ баян цээж өвчтэй”
гэдгийн үлгэрээр мөнгө, хүсэлдээ боомилуулсан олонх зугаа цэнгэл,
амралтад урьд байгаагүйрээ автаж байгаа юм. Нэг л танил дүр төрх
харагдаж байгаа бус уу
?

Ганц нэгийг томруулж, тодруулаад харья.

Олон түмний түрэлт улс төрийн бодлогод хүчтэй түрж орсныг өнөө болж буй үйл явц бэлхнээ харуулна.
Хэн дуртай нь, хэн мөнгөтэй нь, хэн завтай нь улс төрөөр оролддог болж.
Либерализм хуулийг дээдлэх сэтгэлгээн дээр оршдог учраас түүний зарчмыг
баримталж буй хүмүүс өөртөө өндөр шаардлага тавьдаг, тиймээс улс төрд
мэргэшсэн хүмүүс ордог болохоос хэн дуртай нь алив орьё гэдэг юм ч бас
биш сэн.  Тиймээс хамгийн сэцэн, билгүүнтэй төрснөө сайд, түшмэл болгож
байсан юм. Сайд гэдэг үг -сайн гэдэг үгний олон тоо. Муу, дунд биш, сайн
шүү дээ. Түүнээс бус орох үүдээ андуурчихсан хүүхдүүдийн сахилгагүйтдэг
газар нийтийн алба биш. “Нам дагавал ам тосдоно” гэдэг үг гарсан байх
юм. Нэг л их намжсан, улстөржсөн хүмүүс. Аймаг сум, дүүрэг хороо, ах
дүү, амраг садан, нутаг нугаараа талцаад хэрэлдээд сууж байдаг,
хэрэлдсний үр дүн нь ч гардаггүй. Хийдэг ажил нь ярих, идэх, “гал
унтраах” л шинжтэй. Бодохоос, бичихээс дургүй хүрэм энэ намаг балчигт
хүмүүс яасан их дурланам бэ. Юу тэднийг ийм хүчтэй татнам. Мөнгө.
Хязааргүй шунал хүсэл. Харах нүдтэй байж намаг балчиг руу харайгаад
орчихоос сийхгүй хүмүүс олон болсон нь яах аргагүй л түмний түрэлт болж
буйн шинж биз ээ.
Оюуны салбарт ч түмний түрэлт хүчтэй байна.
Бэртэгчин, бүдүүлэг, харанхуй нөхдүүд соёл, боловсрол, шинжлэх ухааны
салбарыг өөрийнхөө амьдрах орон болгосныг бид бас л бэлхнээ харж болно.
Улиг
болсон байх л даа, дараах жишээ. Гэхдээ арай өөрөөр харья гэвэл яадаг
бол. Монголд боловсролын байгууллагад бодлого төлөвлөлт эрхбиш бий
гэдэгт найдах авч нэг л биш байна. Өөрийнхөө мэддэг жишээг хэлэхэд, жилд
хэдэн зуун хүүхэд монгол хэлний багш мэргэжлээр их дээд сургуулийн
диплом авч байна. Энэ олон багш нарыг хаанаа шингээх юм. Нас барсан,
тэтгэвэрт гарсан, жирэмсний амралт авсан хүмүүсийн оронд сүйхээтэй хэд
нь очих бол олонх нь дэлгүүр, хоршооны худалдагч болох нь байдаг л
үзэгдэл болчихож. Төрөх үхэх нь үнэн, диплом авах нь үнэн болж дээ. “За
байз, ийшээ ороод аяга цай уучихья гэдэг байтал юухан байх вэ, ийшээ
ороод диплом авчихья” гэдэг болоод удлаа. Босго оноо гэдэг зүйл алга
болж босгогүй сургуулиуд дампуурчихгүйн тулд түмний хүүхдийг гудамжнаас
чирч авчраад “4 жил өгчихөж” байх юм. Зүтгэж ордог байсан сургуульд
маань зүгээр нэг “захын хүүхэд” дэлгүүр хэсч байгаа юм шиг л сурч байна ш
дээ. Авах ёстой оноо, босгоныхоо ¼-д нь хүрэхгүй хүмүүс яаж хүнд юм
заах юм бэ
?, яаж судалгаа хийх юм бэ?.
Энд би “гавал”-уудын тухай зориуд орхилоо. Үеийн үед, цагийн цагт
толгойтой аавын хүү, ээжийн охид байсаар ирсэн. Харин “гавлуудтай” хамт
гайтнуудыг нэг дор хашчихаар үнэхээр гайтай байдаг юм байна гэдгийг энэ
олон их дээд сургууль, оюутнууд, төгсөгчдийг хараад эрхгүй бодогдоно.

Сургуульд
сайн багш хэрэгтэй. Сайн багшаас сайн шавь төрнө. Одоо багш нарын нэр
хүнд урьд өмнө байгаагүйгээрээ уначихаж. Үүнийг бурууг би их дээд
сургууль босгогүй болсны “үйлийн үр” гэж бодож байна. Гавлууд нь
инженер, эмч, зохион бүтээгч болоод яваад өгдөг бол нойлын ногоонууд нь
багшийн анги сонгоод 4 жил үүрэглэж суугаад “их багш” болдог. Ингээд бүр
мөсөн дуусч байгаа юм. Хамгийн өндөр цалинг багш нарт өгч эхэлбэл
“гавлууд” багшийн ангид орно, тэдний гараас Монголын сайхан ирээдүйг
бүтээх элитүүд төрөх учиртай болов уу. Түүнээс бус галзуу солиотой нь
мэдэгдэхгүй хүмүүсээр хүүхдүүддээ хэн ном заалгах юм бэ
?

Ганцхан
сургууль ч биш олон салбарт бодлого, төлөвлөлт үнэхээр дутагдаж байна.
Тухайлбал, соёл урлагийн салбар. Хэн өрөөсөн гутлын үнэ ч хүрэхгүй
цалинтай номын санч хийх юм, хэн музейн тайлбарлагч хийх юм, хэн
бүжиглэх юм. Яг энэ дампуурсан бодлогоороо цаг алдаж удваас “жинхэнэ
номын санч, тайлбарлагч, бүжигчин”-ий оронд дандаа босгогүй амьдарч
ирсэн аваргууд л очно. Очно нь ч гэж дээ, очоод, дүүрээд, өнгөрөөд,
бүхэл бүтэн үеийг эзэгнэчихсэн юм биш үү. Тэднийг түмэн, тэднийг аашийг
түмний түрэлт гэх аж. Тийм хүмүүс хэнийг ч өөрөөсөө дээш гаргахыг
боддоггүй бөгөөд болж өгвөл хавсарч унагаад тохойлдчих санаатай байдаг
билээ. Үүнийг “олон түмэн өөртэйгээ адилгүй онцгой, шилмэл бүхнийг
нухчин дарах аян дайнд мордов. Бусдаас өөр харагддаг, бусдаас өөрөөр
сэтгэдэг бүхэн нийгмийн хог шаар гэж үзэгдэх аюул хаяанд ирлээ” гэж
Ортега нэгэнтээ анхааруулсан байна.

Түмний түрэлт хаа сайгүй, нөмөрчихөж.

Урлаг
утга зохиол дахь хуучнаа санагалзах эсвэл нэн шинэ болох гэсэн санаа,
цаг үе, зэрэг зиндаа, нас намбаараа талцах, хот хөдөөгөөрөө дуудалцах,
шагнал алдар нэрээр хөөцөлдөх, өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр мартах, атаа
жөтөө. Энэ бол түмний түрэлтийн шинж гэж онолч маань үзэж байна. Зөвхөн
“нэн шинэ” гэдэг үеийн тухайд Ортега “
XIX
зууныг "нэн шинэхэн соёлын үе" гэж нэрлэх ч бий. Нэрээсээ аваад л
маргаантай. Нэн шинэхэн гэдэг бол цааш явах замгүй, хамгийн дээд буюу
эцсийн шат гэсэн үг мөн биз? Гэтэл бид өөрийнхөө үеийг төгсгөлийн үе гэж
үзэхгүй байгаагаар үл барам ерөөс хамаг хүсэл мөрөөдөл биелсэн,
үлгэрийн мэт сайхан үе гэж байдаггүй, байх ч ёсгүй гэдгийг далд
санаандаа гадарладаг шүү дээ. Харин ч аль нэг цаг үе өөрийгөө "мөрөөдөл
биелэх", "нэн шинэхэн" гэх мэтээр нэрлэх нь үеийнхнээсээ харалган болж
байгаагийн гэрч. Үүнийг л жинхэнэ ёсоор мэдэрч чадвал бид өөрсдийгөө
баглаад байгаа хүлээснээс гарч ирээдүйнхээ төлөө гэсэн сэтгэлээр
идэвхтэй, сонирхолтой амьдарч чадна
” гэж хэлсэн байдаг юм. Тэгэхээр энэ бол өвчин биш байх нь, Ван Женнепийн хэлдэг шиг туулж гарах давал л бололтой юм байна.

Номын дэлгүүрт орвол охид хүүхнүүд голдуу байх. Тэд зурхай, хоолны жор, хэрхэн баяжих вэ? гурав хоногт хэрхэн турах вэ? гэсэн
хэсэгт пиг дүүрэн харагдах бол онол, шинжилгээний номын өмнө хүн
харагддаггүй. “Номын дэлгүүрт орж байгаа нь их юм, номын дэлгүүр хаана
байдгийг мэдэж байгаа нь их юм” гэхчилэн хэлэх нэгэн байх. Гэхдээ л “
Чонон
сүлд”, “Ногоон нүдэн” лам мэтийн найруулга, логикийн алдаатай, үлбэгэр
 юманд хөөрцөглөх дундаж хүмүүсээр бурхан дандаа даажигнаж байдаг юм,
янзын юм шүү.

Ингээд
сэхээтнүүд ажлаа хийхгүй, эсвэл ажлаа алдаж тэдний оронд сайн дурын
уран сайханчид “хөгжимдөж суух юм”. Нэг л хоосон, бачуурсан, уурласан,
атаархсан, аархсан, онгирсон, цээжээ нүдсэн, “мөнгө”, “ганцхан би” гэж
хэлд орсон хүмүүс. Түмний түрэлтийн үндсэн шинж шүү дээ, энэ.

Хов
хоосон энэ том талбар дээр жаахан тодорчих хүсэлтэй, ялигүй ч атугай
хүний анхаарал татчих юмсан гэхээс шөнө ч нойр нь хүрэхээ байсан “нөр их
хөдөлмөрч” хэдэн авгай нар л /эрэгтэй, эмэгтэй олон авгай нар бий/
ёстой нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж сууна
” гэж утга зохиол судлаач С.Энхбаярын Монголын утга зохиол шүүмлэлийн байр байдлын тухай хэлсэнтэй санал нэг байна. Энэ
үг зөвхөн уг хандсан хүрээндээ төдийгүй ерөөс Монголын бахь байдлыг
хэлсэн шиг санагддаг шүү. Хаа сайгүй байгаа энэ үзэгдлийг л түмний
түрэлт гээд байгаа юм даа. 

Бас
нэг сонирхолтой зүйл бол түмний түрэлтэд буй давуу тал юм. Эд баялаг,
эрх мэдэл, анги, хүйсийн ялгаа эрс багасч үүнийгээ дагаад тэрхүү
ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой хор уршиг арилж нийтээрээ
тэгширсэн, амьдрал ахуй нь дээшилсэн нийгэмд орж буй нь болой. Гэвч
миний энэ удаагийн хэлж буй санаа бол нийгэм, оюун санааны хүрээнд өрнөж
буй түрэлтийн тухай билээ. 

 “Бүхнийг
төр мэднэ, бүхнийг бурхан мэднэ, бүхнийг чи мэднэ, бүхнийг би мэднэ,
маргааш нар мандах юм чинь, яадаг юм, чадаж байгаа юманд арга байхгүй,
би амьсгалах ёстой учраас л агаар байгаа юм” гэдэг энэ тогтсон ойлголт,
цан хүүрэг хэзээ нэг арилах бол
?. Гарц бол амархан, өөрийн хийх ёстой юмаа л хий, заавал зохион бүтээгч болох хэрэг байгаа юм уу?
 
Хэрвээ
Монгол улс “зохиомол” зохион бүтээгчдээр хахчихаагүй, жам зүйгээрээ
явбал, түмний түрэлтийг түрж чадвал сайхан амьдарч, амьсгалж чадна. Наад
захын жишээ: Бүтэн институт ажиллаж цалинжаад хийдэггүй юмыг цөөхөн
хүнтэй хэвлэлийн газар хийчихэж байгааг л харахад хангалттай. Амь нь
хаанаа байгаа нь мэдэгддэггүй энэ олон төр, олон нийтийн байгууллага,
тэнд шигдсэн түмнийг тариа хийж “тамлах” хэрэг юу байна вэ
? Монголын түүх, уран зохиолоор нэг өгүүлэл, ном бичсэн бол тэр нь түүх, уран зохиол судлалын шинжлэх ухаанд дуслын төдий ч болтугай хувь нэмэр оруулах
ёстой, гэтэл Монголын шинжлэх ухааны төлөө нойр хоолоо хугаслан
зүтгэгчид тухайн шинжлэх ухаанынхаа төлөө бус ямар нэгэн ланжгар ой,
тэмдэглэлт өдрүүдийн төлөө л зүтгэж “хорвоо дэлхий дээр байхгүй түүх,
уран зохиол манайд л байна, бид агуу юм байна” гэхчилэн халуурч явах нь
тун ч хөөрхийлэлтэй. Монгол бахархам сайхан ололт, ухаарал авмаар
түүхтэй улс, Монголд уран зохиолын баялаг сайхан өв бий, уран зохиол биш
“уран зохиол” ч бий. Тэр бүхнээ ямар учир утгатай, яагаад гэдэг талаас
нь шинжлэх ухааны судалгааны аргазүйгээр харж тайлбарлалгүй баахан
эмхтгэл, цуглуулга хийж, урьд хэвлэгдсэн юмнуудаа урд хойно нь оруулж
 амьдарсаар хаа хүрэх вэ
? Оксфорд
төгссөн хүнд ажил олддоггүй, ажлын байр гаргаж өгддөггүй Монголын
“агуу” хүмүүсийн дунд байх асар эмгэнэлтэй. Хэн “жинхэнэ” шинжлэх
ухаанчдын бүтээлээс ишилж байна вэ
? Гарын
арван хуруунд багтахаар хэдхэн хүн л байна ш дээ. Одоо цуглуулга
хийдэг, худлаа хуралддагаа  багасгаж “судалгаагаа хийвэл” яасан юм
бэ?.
Гэхдээ би энэ эзлэн түрэмгийлэгчдэд огтоос итгэхгүй байна. Өсөл
хясалдаа хүлүүлж, атаа жөтөөтөндөө баригдчихаагүй, эрүүл саруул
сэтгэлгээтэй, эрдэм боловсролтой, “ганцхан Монгол” гэдэг өвчин
тусчихаагүй, дэлхийн энгээр сэтгэгчид, шинэ үеийн элитүүд гарч ирснээр л
асуудал шийдэгдэнэ гэж бодож байна. Зурхайч биш болохоор яг хэзээ
өөрчлөгдөх вэ
? гэдгийг нь хэлж мэдэхгүй ч ямар ч байсан энэ бүрхүүл замхарсны дараа л гэдэг нь гарцаагүй билээ. Хурдан замхрах, хурдан замхруулах л зам бий гэж мунхаглах юм даа.

Монголд
одоо “түмний түрэлт”-ийг сөрөх хүч хэрэгтэй. “Эсэргүүцэлгүй хүч
байдаггүй” тухай Фуко бичсэн, “эсэргүүцэлгүй хүч бий” тухай Др
Д.Бум-Очир нотолсон. Энэ тохиолдолд бол Фукогийн онолыг батлах мэт
“түмэн олон” хүчтэй эсэргүүцнэ. Харин Д.Бум-Очир докторын онол “соёл,
зан үйл, тэр дундаа хүндлэлийн орчинд” “хүчтэй” хэвээрээ байна. Энэ
хорвоо дээр “үнэн” олон байдгийн жишээ энэ буюу.

Түмний
түрэлтийн тухайд түүх, соёл иргэншил, урлаг утга зохиол, шашин, соёл,
дэлхий дэхинээ өрнөж буй үйл явдал, неолиберализмын хүрээнд ч ярьж болох
л юм. Гэвч үүгээр өндөрлөе. Мэргэд хаа сайгүй байна.

Ортега-и-Гассет
өөрөө жаахан “юмтай” байсан учраас “Түмний түрэлт”-ээ бичээ байлгүй,
яав гэж. Тэр бичсэн, хүмүүс уншсан. Магтсан сайшаасан, зэмлэсэн
буруушаасан. Зарим нь бүр тохуурхаж байсан гэдэг. Гэхдээ олон зүйл
өөрчлөгдсөн юм.

http://battogtokhg.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж