Английн Премьер лигийн 26 дугаар тойрогт учраа таарсан нийслэлийн хоёр багийн тоглолт өнгөрсөн шөнө “Эмират” цэнгэлдэхэд болж, талбайн эзэн “Арсенал” гайхалтай ялалт байгууллаа. Тоглолтын эхний 35 минут өнгөрөхөд 2:0 харьцаатай хожигдож байсан “Их буучид” яван чангарч, өрсөлдөгчөө 5:2 харьцаатай буулган авснаар Арсень Венгерийн “цэргүүд” Премьер лигийн хүснэгтийн дөрөвдүгээр байраа эргүүлэн авсан юм. Хойд Лондонгийн хоёр багийн тоглолтыг “Тоттенхэм” амжилттай эхлүүлж, Луи Саа дөрөв дэх минутад гоолдсоноор тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Улмаар 34 дэх минутад “Арсенал”-ын экс-довтлогч Эммануэль Адебайор торгуулийн цохилтоор тооны харьцааг 2:0 болгосон байна. Гэхдээ эхний хагас өндөрлөхөөс өмнөх сүүлийн таван минутад талбайн эзэд амжиж тооны харьцааг тэнцүүлж чадсан. 40 дэх минутад Микель Артетагийн дамжуулалтаар Бакари Санья, улмаар 43 дахь минутад Премьер лигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж буй Робин ван Перси улирлын 23 дахь гоолоо оруулжээ. Тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд “Их буучид” үргэлжлүүлэн довтолсоор 51 дэх минутад Томаш Росицкий багтаа тэргүүлэл авчирсан бол Английн шигшээ багийн жигүүрийн тоглогч Тео Уолкотт 65, 68 дахь минутад дубль хийснээр багийнхаа ялалтыг бататгасан байна. Тоглолтын эхлэлийг гайхалтай тавьсан ч өрсөлдөгчөөсөө хүнд цохилт хүлээн авсан Харри Рэднаппын багийн азгүйтэл үргэлжилж, хагас хамгаалагч Скотт Паркер хоёр дахь удаагаа шар картаар торгуулснаар “Тоттенхэм” 10-уулаа тоглолтыг өндөрлүүлсэн юм. “Тоттенхэм Хотспур” өдгөө хотын өрсөлдөгч “Арсенал”-аас долоон онооны зөрүүтэй, Манчестер хотын хоёр багийн араас хүснэгтийн гуравдугаар байрт бичигдээд байна. “Их буучид”-ын тухайд мөн л хотын өрсөлдөгч “Челси”-гийн адил 46 оноотой боловч гоолын зөрүүгээр дөрөвт бичигдлээ.
Премьер лигийн 26 дугаар тойргийн тоглолтын дүн:
“Челси” 3-0 “Болтон”
“Ньюкасл” 2:2 “Вулверхэмптон”
“Квинс Парк Рейнжерс” 0-1 “Фулхэм”
“Уиган” 0-0 “Астон Вилла”
“Уэст Бром” 4-0 “Сандерлэнд”
“Ман Сити” 3-0 “Блэкбурн”
“Норвич” 1-2 “МанЮ”
“Арсенал” 5-2 “Тоттенхэм”
“Стоук Сити” 2-0 “Свонси”
С.Цэлмэг