“Талын саарал”-аа өмөөрөхүй

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

“Талын саарал”-аа өмөөрөхүй

Монгол хүний тотем буюу онго шүтээн нь чоно хэмээх амьтан байх аж. Дэлхийн улс үндэстнүүдэд өөр өөрсдийн гэсэн тахин шүтэж, бэлгэ тэмдгээ болгодог амьтад бий. Тухайлбал, Оросууд баавгайг, Хятадууд луу зэрэг амьтдыг дээдэлдэг. Тиймдээ ч эдгээр улсыг тотемзүйн үүднээс Сибирийн баавгай, Азийн шар луу, Тэнгэрийн хөх чоно хэмээн нэрийддэг аж. Монголчуудын хийморь гэгч нь чонотой ихээхэн холбогдоно. “Ижил тэнгэртэйд нь үзэгдэж, илүү тэнгэртэйд нь агнагддаг” хэмээдэг ч энэ амьтны тоо толгой хэдий хэмжээний байдаг талаар тодорхой тооцоо, судалгаа ер үгүй. Бас монголчууд аман дээрээ чоныг бараг бурхан шүтээн хэмээн хүндлэн, нэрийг нь хүртэл хэлэхээс цээрлэдэг ч үнэн хэрэгтээ амийг нь хайрлах, тоо толгойг өсгөх талаар боддог болов уу.  Харин нь ч малчид “малын дайсан” гэж адлуулахын зэрэгцээ одоо бүр боохойн /чонын/ эд эрхтэнээр бизнес хийдэг хүмүүс ихсэх болов. Чонын тоо толгой 10 мянга орчимд хүрсэн гэх албан бус мэдээлэл бий. Гэхдээ Монгол орны бүх нутагт харилцан адилгүй. Зөвхөн Алтай, Хангайн уул, тайгаар ихэнх нь амьдардаг байна.

ЧОНЫН ТОО БАГАССНААС БАЙГАЛИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ АЛДАГДЛАА

Байгалийн эко системийг тэнцвэр­жүүлэгч амьтны нэг нь чоно юм. Гэтэл Ан амьтныг хамгаалах тухай хуульд боохойн агнуур, үржүүлэлтийн талаар ямар ч заалт байдаггүй. Хангайн бүсийг бодвол говь, тал нутагт чонын тоо харьцангуй бага. Үүний цаана олон асуудал нуугдаж буй. Чонын эрхтэн хүний биед сайн гэдгийг мэдсэн хүмүүс хэдийнэ бизнес болгож амжсан. Тэдний хамгийн “сайн авлагч” нь өдөрт 20, тааруухан нь зургаан чоно алдаг аж. Чоно авлалтын энэ байдал амьтны эрх хамгаалагчдын сэтгэлийг ихээр зовоож байгаа юм. Дээр үед тал нутгийн анчид чоно авлахдаа буу ашиглахаас гадна мориор хөөж алдаг байжээ. Ингэхдээ чоныг тал талаас нь үргээж хөөсөөр гүйцэн очиж хамарных нь дээд хэсэгт ташуураар цохиж алдаг байсан гэнэ. Өдөрт хоёроос илүү хэтрүүлдэггүй байж. Гэтэл техник ашиглан үй олноор нь чонын амийг бүрэлгэж буйд нутгийн уугуул иргэд дургүйцэж  хулгайн анчдыг хорьж дийлэхгүй байгаагаа холбогдох байгууллагын удирдлагуудад хэдэнтээ хэлжээ. Юун хулгайн анчид байх вэ дээ. Угаасаа Амьтны тухай хуульд чоно авлах талаар хориглосон заалт байдаггүй болохоор чоноор бизнес хийгчид дураараа авирлах нь гарцаагүй юм. 

Чоно авлалт болон холбоотой зарим асуудлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн П.Цогтсайхан ийн ярьсан юм. Тэрбээр “Чоно эко системийн тогтолцоонд байгалийн цөм гэж ордог. Хамгийн гол нь амьтан хоорондын экологийн харилцан хамаарал байдаг. Мөн чоно дээд махчны үүрэг гүйцэтгэгч. Энэ үүднээс мал болон бусад өвсөн тэжээлтэн амьтдын байгальтай зохицон амьдрах элдэв малын халдварт өвчин гарахаас сэргийлдэг чухал амьтан. Энгийн жишээ дурьдъя. Хоёр жилийн өмнө Сүхбаатар аймгийн нутагт зээрийн шүлхий өвчин гарсан. Энэ нь зээрийн тоо толгой нь өсөж улмаар бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн байж болох юм. Яагаад гэвэл тоо толгой нь хэдийчинээ өснө төдий чинээ газрын өвс багасаж өвсөн тэжээлтний идэш хомсдоно гэсэн үг. Иймээс хүн хоол нь багадахаар дархлаа нь сулардагтай адил зүйл болно. Тэгэхээр тэдний хэт өсөлт мөн байгалийн элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэгч нь чоно болж байгаа юм. Одоогоор говь, тал нутгийн чоно хэд байгаа нь тодорхойгүй. Ямар ч байсан өмнөхөөсөө маш их цөөрч байгааг нутгийн иргэд хэлж байгаа. МУИС, Шинжлэх ухааны академи, манай яам хамтран энэ талаар дорвитой ажиллаж байна. Талын чонын агнуурыг 2009-2011 онд хориглоод байсан. Харин уг хоригийг дахин хоёр жил сунгалаа” хэмээсэн юм. Түүнчлэн чонын тоо толгой цөөрч байгаагийн бас нэг шалтгаан нь Дорнод, Сүхбаатарын нутгаар газрын тосны хайгуул их хийх болсон нь чоныг үргээж буй явдал. Энэхүү хоригийн хүрээнд 4-5 дугаар сард буюу чонын үржлийн үед ав хийсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авах юм байна. Ийнхүү Монгол орны нэг талд нь чонын авыг хориглоод байхад харин нөгөө талд нь үй олноор нь хөнөөж байна.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж