”Нөхөн олговрын хэмжээг тооцоолсон ч хэлэх боломжгүй” | News.MN

”Нөхөн олговрын хэмжээг тооцоолсон ч хэлэх боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

”Нөхөн олговрын хэмжээг тооцоолсон ч хэлэх боломжгүй”

Бидний нэрлэдгээр “Урт нэртэй” хуулийн гуравдугаар зүйлд зааснаар гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон. Тусгай зөвшөөрөлтэй атлаа олборлолт явуулахыг хуулиар хориглосон талбайтай эрх авсан талбай нь давхцаж байгаа нийт 890 аж ахуйн нэгж байгаа юм. Үүний 75.6 хувь буюу 673 нь дотоодын хөрөнгө оруулалттай. 14.6 хувь буюу 130 нь гадаадын хөрөнгө оруулалттай, 9.8 хувь буюу 87 нь хамтарсан хөрөнгө оруулалттай компани эзэлдэг байна. Эдгээр компанийн ашиглалтын эрхийг одоогоор түдгэлзүүлээд байгаа  юм. Холбогдох байгууллагаас гаргасан тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэрийг компаниудын удирдлагууд “Бид улсын төсөвт өчнөөн төгрөг төлж, хайгуулын явцдаа олон үр ашигтай ажлыг хийсэн. Тэгтэл энэхүү их зардлыг Засгийн газрын тооцоогүй шийдвэр үрэн таран хийж орхилоо” хэмээн гомдоллож байгаа юм. Тэгвэл эдгээр компаниудын гаргасан зардал, улсад төлсөн татварыг авч үзье. Ашигт малтмалын газраас гаргасан урьдчилсан тооцоогоор хайгуулын 1391 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажилд зарцуулсан зардал, улсад төлсөн татвар нь 315.4 тэрбум төгрөг болсон байна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 391 компанийн төлсөн татвар 4.73 их наяд төгрөгт хүрч,   нийт 5.15 их наяд төгрөгийн татвар төлжээ. Одоогоор ашиглалтын үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа нийт 242 компани бий. Уг компаниудын үйл ажиллагааг өнгөрсөн оны зургаадугаар сард Засгийн газрын шийдвэрээр зогсоосон юм.

Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан компаниудад Засгийн газраас нөхөн олговор олгох юм. Нөхөн олговор болон зарим асуудлын талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газрын орлогч дарга С.Баттулгатай ярилцлаа.

    
-Усны ай савын эх ундрагаас 200 метрт олборлолт явуулж байгаа бүх компаниудын эрхийг цуцалсан гэсэн. Энэ асуудал одоо ямар шатандаа явж байна. Нөхөн олговрыг нь хэзээ олгох вэ?

-Ашиглалтыг нь бүрэн цуц­лаагүй. Зөвхөн олборлолт, хайгуу­лын эрхийг нь одоохондоо түр зогсоогоод байгаа. Эдгээр нь усны эх ундрагын орчим алтны олборлолт явуулж байсан компаниуд юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 9-ийг хүртэл нөхөн олговор авах материалаа бүрдүүлж өгөх тухай компаниудад зар хүргүүлсэн. Ийнхүү нийт 160 компани хүсэлт ирүүлж, үлдсэн 69 компани ямар ч холбоо барьж, хүсэлт ирүүлээгүй байна. 

-Тэгвэл эдгээр компанид хэзээ нөхөн олговор олгоно гэсэн үг вэ?

-Ямартай ч Сангийн яам, манай яам хоёр хамтраад хэдэн төгрөг өгөх талаар судалгаа хийж байгаа. Нөхөн олго­врын хэмжээг урьдчилсан байд­лаар олгохыг тооцоолсон. Гэхдээ батлагдаагүй байгаа учраас тоог нь хэлэх боломжгүй байна.

-Энэ асуудал нэлээд маргаан дагуулж байгаа. Ашиглалт нь зогсоод байгаа компаниуд нөхөн олговор авахгүй, давхцаагүй үлдсэн талбайдаа олборлолт явуулах хүсэлт гаргаж байгаа юу?

-Маргаантай гэсэн хүсэлт ирүүлсэн 13 тусгай зөвшөөрлийн эзэмшигчид байгаа. Мөн нөхөн олговрын хэмжээг 0 төгрөгөөр тооцуулж, давхцаагүй хэсэгт үргэлжлүүлэн олборлолт явуулах хүсэлтэй 29 аж ахуйн нэгжийн 36 тусгай зөвшөөрөл бий. Энэ асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний 1-540 тоот албан бичгээр Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд тус тус хүргүүлсэн. Удахгүй шийдвэрлэнэ.


БАЙГАЛЬ ОРЧИНД 1.161 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

“Урт нэртэй” хуулийн гурав­дугаар зүйлд заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар, Байгаль орчныг хамгаалах иргэний зөвлөл хамтран ойн сан, усны ай сав бүхий газарт шалгалт хийсэн. Энэ хүрээнд компаниудын байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ 1.161 их наяд төгрөг болсон гэсэн дүн гарсан байна. Олборлолтын үйл ажиллагаа явуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон 171 аж ахуйн нэгжийн  хувьд байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлжээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй юм байна. Ашигт малтмалын тухай хуульд лицензийг 20-30 жилээс дээш ашиглах эрх олгодог байна. Гэхдээ үүний дутагдалтай тал нь ашигт малтмалын нөөцийг мэргэжлийн байгууллагууд урьдчилан тогтоолгүй шууд лицензийг нь өгдөг аж. Харин мэргэжилтнүүдийн хэлснээр бол “Тухайн газрын нөөцийг тогтоосны дагуу хэмжээтэйг нь уялдуулж ашиглах эрхийн хугацааг нь тогтоох хэрэгтэй” гэж байсан. Түүнчлэн Монгол­банкны судалгаагаар арил­жааны  банкуудаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө барьцаалан 322.7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үүнээс үүдэн бага хэмжээний зээлүүд барьцаагүй болж чанаргүй зээл үүсэх, үүнийг дагасан лизинг болон уул уурхайн холбоотой зээлүүд олгоход эрсдэл учирч болзошгүй болсон байна.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-02-27 180.149.96.210

баатархөө 1 их наяд 161 тэрбум юм бишүү

Avatar

дондогууд аа гэж -----үхэр сүрэг 2012-02-27 202.55.191.57

үхэр монголчууд зүгээр тоочоод л суудаг үхрүүд хариуцлага тооцож хэзээ ч чадахгүй хүн төрөлхтөний адгууд малан дондогууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж