Усан луу жилийн улс төр

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Усан луу жилийн улс төр

Баясгалан хэмээх усан луу жилд улс төрийн хүрээнд олон ч үйл явдал өрнөх гэнэ. Гэхдээ энэ бол зурхайчид хийгээд судлаачдын дэвшүүлсэн таамаглал. Магад ч үгүй юм. УИХ-ын 2012 оны сонгууль энэ онд тохиож байгаа нь сонгууль угтсан улс төр, сонгуультай холбоотой үйл явдал ар араасаа хөврөхийг бэлхнээ харуулж байгаа болохоор тэр. Ямартай ч УИХ дахь Ардчилсан нам, Ардын намын бүлгийнхэн “Яавал амжилт гаргах бол” гэдгийг өөр хоорондоо хэлэлцсэн шиг сууна. Ардын намынхан “Өнгөрсөн сонгуулиар гаргасан амжилтаа бататгана” л гэнэ. “УИХ-ын 2012 оны сонгуулиар ялалт байгуулчихвал 2016, 2012 оны сонгуульд ялалтаа давтах магадлалтай” л гэнэ. Тэд “Энэ жил л ялалт байгуулчихвал “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-өө хэрэгжүүлж эхлэх боломжтой болно. Ингэснээр дараа, дараагийн хоёр ч сонгуульд ялалт байгуулах боломжтой” хэмээн төсөөлж байгаа нь энэ. Үүнийг нь зурхайч, улс төр судлаачид хэлсэн гэнэ лээ. Тэгэхээр төрийн эрхийг наанадаж 12 жил барихын төлөөх тэмцэл усан луу жил гарангуут улс төрийн хүрээнд өрнөх нь ээ.

Ардын намынхныг ийн ярилцах зуур Ардчилсан намынхан “Бидний авчирсан ардчилал хаана байна” хэмээн бие, биеэсээ асуух болов. Туулай жил шувтардгийн даваан дээр тус  намд хоёр ч фракци шинээр мэндэлсэн. Аль, аль нь л ардчилал, шударга ёсны төлөө тэмцэх аж. Мөн намаа зүүний үзлээс хамгаалах нь тэдний гол зорилго. Саяхан болсон МоАХ-ны дөрөвдүгээр хуралдаан дээр ардчиллын ахмад партизанууд “Цагаан морин жилийн хувьсгалыг давтацгаая. Ардчилалаа аваръя” хэмээн намын нөхдөдөө уриалсан. “Усан луу жилд улс төрийн хүрээнд болон намдаа хувьсгал хийе” гэсэн үг. Магадгүй энэ нь “Ардчилсан намаа шинэчилье. Намаа зүүний үзэл рүү хөтөлсөн Н.Алтанхуягийг огцруулъя” гэсэн санаа ч байж мэднэ. Гэхдээ “Сонгууль ойртсон энэ үед намын даргаа огцруулаад яах вэ” гэх хүн ч байгаа. Ардчилсан намын ҮЗХ нэг их удахгүй хуралдаж таарна. Харин энэ үеэр усан луу жилийн зуны тэргүүн сард болох УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам ямар өнгө төрхтэй орох нь харагдаж эхлэх биз ээ. Энэ жилийн Цагаан сараар Ардын нам, Ардчилсан намын удирдлагууд “Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлье”, “Монгол хүн-2020 хөтөлбөрийг та бүхнээрээ хэлэлцүүлсэн” гэсэн мессежийг ард иргэддээ илгээж байна лээ. Тиймээс өөр, өөрийн баталсан хөтөлбөрүүдээ урдаа бариад сонгууль угтсан улс төрөө хийж эхлэх нь ээ. Зарим зурхайч “Нэгэнт л сонгууль өрсөлдөөнтэй болдог учраас хэл ам дагуулна. Гэхдээ айхтар том асуудал үүсэхгүй. Үймээн, самуун гарахгүй. Тиймээс монголчууд эвтэй найртай байх ёстой. Дээд түшмэд, доод иргэд нь ч шударга, эвтэй байхыг хичээх хэрэгтэй юм” хэмээн айлдаж буй. Тэднийхээр болбол зарим улстөрчийн яриад байгаа шиг зүйл /үймээн, тэмцэл/ сонгуулийн дараа болохгүй бололтой юм. Гэхдээ Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг “Үймээн, самуунд бэлдэж эхэлсэн” гэж хардаж байгаа Ардчилсан намынхан “Ардын намынхан сонгууль будилаантуулах гэж байна” гэж бодсон нь лавтай.

Ардчилсан нам, Ардын намынхнаас гадна Иргэний зориг-Ногоон намынхан сонгуульд хүчтэй бүрэлдэхүүнтэйгээр орохоор бэлдэж байна. Мөн МАХН, БНН, МҮАН тэргүүтэй  өмнө нь парламентад сууж байсан таван нам сонгуульд хүч хавсран оролцохоор болсноо мэдэгдэж сум хүртэл багцлаад авсан. Усан луу жилийн улс төр тэднийг оролцуулаад сонирхолтойгоор өрнөх бололтой.

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа намууд Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхлэх нь дамжиггүй. Ийнхүү “Баясгалан” хэмээх усан луу жилд намууд төрийн эрхийг барихын төлөө тэмцэлдэх нь. Ардчилсан Ерөнхийлөгчид хэлэх үггүй болтлоо загнуулсан Ардын намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялалт байгуулах ёстой гэдгийг бие, биедээ хатуу сануулж байж мэднэ. Луу жилд аль намд нь ивээлтэй байх бол гэдэг нь ч удахгүй тодорхой болох биз.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж