Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдана

УИХ-ын намрын чуулганы хаалтыг энэ сарын 16-нд хийсэн билээ. Мөн ирэх сарын 5-9-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх учиртай. Ээлжит бус чуулган хуралдах энэ өдрүүдэд УИХ-ын 2012 оны сонгууль болон орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь явуулах эсэх нь тодорхой болох юм. Мөн ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай байгаа билээ. Төсөвт тодотгол хийж байж төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногоос ээлжит бус чуулганы бэлтгэл ажилдаа орохоор шийджээ. Тус намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийх аж. Энэ үеэрээ хоёр асуудлыг хэлэлцэхээр бол­сон байна. Хамгийн эхэнд иргэдэд цахим үнэм­лэх олгох  ажлын явц ямар байгаа та­лаарх мэдээллийг холбогдох албаныхнаас нь сонсохоор төлөвлөжээ. УИХ дахь Ардчилсан на­мын болон Ардын намын бүл­гийн гишүүд УИХ-ын 2012 оны сонгуулийг бу­ди­лаан­гүй явуулахад ца­хим үнэмлэх чухал үүрэг гүй­цэтгэнэ гэлцэж байгаа. Тий­мээс ч үнэмлэх олгох ажлын явцад ихээхэн ач холбогдол өгч байгаа бололтой. Да­раагийн хэлэлцэх асуудал нь хурууны хээ таних төхөөрөмжийн худалдан авалтын ажлын явц байдлын тухай ажээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн саналыг автомат машинаар тоолохоор болсон. Мөн иргэд хоёр удаа санал өгдөг, өөр хүний оронд санал өгч сонгуулийн дүнг будилуулдаг зэрэг маргаантай асуудлуудыг шийдэхийн тулд хурууны хээ таних төхөөрөмжийг ашиглах тухай асуудлыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан билээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж