Шинийн таванд луу шилгээв үү

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Шинийн таванд луу шилгээв үү

Монголын баруун, хойд захын аймгууд болон нийслэл хотод өчигдөр 14.00 цагийн үед газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдлээ. Зарим хэсэгт нэлээд хүчтэй газар хөдлөлт болсон тухай холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Гэхдээ одоогоор томоохон хэмжээний хохирол учраагүй байна.

Энэ талаар Шинжлэх ухааны ака­демийн дэргэдэх Одон орон, геофизик судлалын төвийн эрдэмтэн С.Дэмбэрэлээс тодруулав.


-Өнөөдөр /өчигдөр/ Мон­гол орны зарим нутгаар газар хөдөлсөн байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Тэгсэн. Өнөөдөр /өчиг­дөр/ ОХУ-ын Тувагийн нийс­лэл Кыцыл хотоос зүүн тийш 102 километрийн зайд 6.8 магнитудын хүчтэй га­зар хөдлөлт болсон. Хойд өргөрөгийн 51 градус 73 минут, зүүн уртрагийн 95 градус 92 минутын солбилцлын цэг дээр голомт нь байсан юм. Энэ нь Улаангомоос хойш 333 орчим километр, Улаанбаатараас 890 орчим километр, Хөвсгөлийн Хатгалаас 340 километр зайтай газар. Гэхдээ их хүчтэй газар хөдлөлт болсон учир чичиргээ нь Улаанбаатарт хүртэл мэдрэгдсэн.

-Яг аль аймгийн нут­гуудад газар хөдлөлтийн чичиргээ хамгийн хүчтэй мэдрэгдсэн бэ?

-Манай талаас гэвэл Увсын Улаангомд хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон. Түүнчлэн Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Булган, Орхон зэрэг баруун, хойд бүсийн аймгуудад болон Улаанбаатар хүртэлх нутгаар чичиргээ тодорхой хэмжээгээр мэдрэгдлээ.

-Газар хөдлөлт дахин үргэлжлэх үү?

-Иймэрхүү хүчтэй газар хөдлөлт болсны дараа дахиж томоохон хэмжээний чичиргээ мэдрэгдэх нь элбэг байдаг. Гэхдээ өмнөхийгөө бодвол хүч багатай байх болов уу.

Тэрбээр ийн ярьсан юм. Харин нийслэлийн Онцгой байдлын хэлтэсээс өгсөн мэдээллээр бол Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Богд-Ар хороолол, Улсын их дэлгүүрийн орчим, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт өчигдөр 14.23 цагт 6-8 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Ялангуяа таваас дээш давхрын орон сууцнууд савлалаа. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Газар хөдлөлт судлах секторт өчигдөр 16.30 цагийн үед чичирхийлэл мэдрэгдсээр байжээ. Ерөнхийдөө бол Тувад болж буй газар хөдлөлтөөс үүдээс газар дор хуримтлагдсан энерги нь дуустал чичирхийлэл мэдрэгдэх аж. Тиймээс энэ нь 1-2 хоног үргэлжилж ч мэдэх юм. Газар хөдөлсөн бүс нутгуудад ямархуу байгаа талаар албаны болон албаны бус эх сурвалжуудаас мэдээлэл авав.

Я.ЧУЛУУНБААТАР: ТОМООХОН ХОХИРОЛ УЧРААГҮЙ

Увс аймгийн Онцгой байдлын хэлтэсийн дарга Я.Чулуунбаатараас дараах  асуултад хариулт авсан юм.

-Увсад болсон газар хөдлөлтөөс болж ямар нэгэн хохирол учирсан уу?

-Онцгой байдлын хэлтэст ирсэн мэдээллээр бол Увсын нэлээд хэдэн суманд газар хөдөлсөн. Үүнээс Улаангомд хамгийн хүчтэй мэдрэгдэх шиг боллоо. Энэ нь Тувад болсон газар хөдлөлтийн чичиргээнээс үүдэлтэй. Айлуудын гэрийн хана чичирч, зарим байшингийн дээвэр ховхрох зэрэг хохирол гарсан. Ямартай ч томоохон хэмжээний хохирол учраагүй. Гэхдээ нэлээд хүчтэй газар хөдлөлт боллоо.

Ц.ГОНЧИГ: ГЭРИЙН ТАВИЛГУУД ХӨДӨЛЖ ЭХЭЛСЭН

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ц.Гончигоос энэ тухай тодруулав.

-Чичиргээ хэр хүчтэй мэд­рэгдсэн бэ?

-Өнөөдөр /өчигдөр/ үд дундын үед гэнэтхэн гэрийн тавилгууд хөдөлж, паар хүчтэй дуугарч эхэлсэн. Орон дээр хэвтэж байх үед ор бүүвэйлж байгаа юм шиг хүчтэй савлаж эхэлсэн. Бас зарим чийдэн хагарсан. Тэгэхээр нь газар хөдөлж байна гэж ойлгосон. Нэлээд хүчтэй хөдөлсөн байх гэв.

Завханы Онцгой байдлын хэлтэсээс мэдээлснээр бол тус аймгийн долоон суманд 6-7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Зарим барилга байшингийн хана цуурсан зэргийг эс тооцвол мөн л томоохон хохирол учраагүй бололтой. Ямартай ч Монголын хойд хил орчимд болсон газар хөдлөлтийн чичиргээ баруун болон төвийн бүс нутгаар хүчтэй мэдрэгджээ. Тувагийн нийслэл Кыцылд болж буй газар хөдлөлтийн чичирхийллийн тарж байгаа чиглэл нь 119 градус орчим байгаа. Энэ нь яг Улаанбаатарыг чиглэж байгаа гэсэн үг. Тиймээс чичирхийлэл нийслэлд ч мэдрэгджээ. Ойролцоогоор 6.8 магнитуд гэдэг нь найман балл гэсэн үг. Найман баллын хүчтэй газар хөдлөлтөд барилгад хүчтэй эвдрэл үүсч, хана нь цуурах, модны мөчир хугарах, жин ихтэй, том тавилгууд хөмөрч унах, байрнаасаа шилжин хөдөлгөөнд орох, дүүжлээстэй байгаа чийдэнгийн гэрэл эвдрэх зэрэг хохирол учрах нь түгээмэл байдаг.

“Новый Регион” сонинд мэдээлснээр бол Тувагийн Кыцылд болсон газар хөдлөлтийн хүч нь 6.9 магнитудад хүрсэн байна. Өчигдөр орой 17.00 цагийн байдлаар газар хөдлөлтийн голомтод ямар нэгэн ноцтой хохирол учирсан тухай мэдээлэл гараагүй аж. Гэхдээ оршин суугчдад нь маш хүчтэй чичиргээ мэдрэгдсэн учир орон гэрээсээ түр хугацаагаар дүрвэж магадгүй болсон байна. Харин “Интерфакс” агентлагийн уламжилснаар бол Сибирийн бүс нутгийн хэд хэдэн хотод хүчтэй газар хөдөлжээ. Новосибирск, Эрхүү болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Прохоровын зочилж буй Красноярск хотод мөн л томоохон хэмжээний чичиргээ ажиглагдсан байна. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мөн энэ тухай мэдээлэл гаргажээ. Үүнд дурьдсанаар бол Кыцыл орчимд 10 километрийн гүнд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Кыцыл орчимд мөн л хүчтэй газар хөдөлж байв. Тухайн үед Рихтерийн шаталбараар 6.7 магнитудын хүчтэй чичиргээ мэдрэгдэж, үүнээс болж манай таван аймгийн нутагт 1.5-2 минутын турш газар газар хөдөлсөн билээ. Ерөнхийдөө Улаанбаатар хот болон түүний ойр орчмын нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарч байгаа юм. Газар хөдлөлтийн хувьд 3.5-аас дээш магнитуд бол аюул дагуулж болзошгүй гэж үздэг. Баллаар хэмжвэл 5.6-аас дээш гэсэн үг. Өнгөрсөн онд иймэрхүү аюултай газар хөдлөлт манай оронд 50 удаа бүртгэгджээ. Үүний гурав нь Улаанбаатар хотод хүчтэй мэдрэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд хилээс 570 орчим километрийн зайд байрлах, ОХУ-ын Буриадын Нүүрст хотгор гэдэг газар 5.6 магнитуд газар хөдөлжээ. Энэ нь Улаанбаатарт мэдрэгдсэн байна. Харин дараа нь наймдугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 5.1 магнитудын газар хөдлөлт болсны чичиргээ нь мөн л нийслэлд мэдрэгджээ. Гэхдээ эдгээр нь томоохон хэмжээний газар хөдлөлт. Харин хүнд мэдрэгдэхгүйгээр болон багахан хүчээр газар  хөдөлсөн тохиолдол өнгөрсөн онд Улаанбаатар хотод 24594 удаа бүртгэгджээ. Ер нь нийслэл орчимд 2004 оноос хойш газар хөдлөлт идэвхжсэн байна.

Одон орон, геофизик судлалын эрдэмтэд энэ оныг газар хөдлөлтийн идэвхтэй үе болохыг анхааруулсан юм. Тэд энэ тухай тайлангаа өнгөрсөн сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан юм. Үүнээс үүдээд “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах нэгдсэн төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах үүрэг бү­хий ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын орчимд 15 суурин станц, нүүдлийн есөн станц газар хөдлөлтийн идэвхжилтийг байнга хянаж байна.

Ямартай ч монголчууд уламжлалт баяр болох цагаан сараа тэмдэглээд завгүй байх хооронд газар хөдөллөө. Энэхүү сурвалжлагыг бэлтгэж байх үед “Шинийн таванд луу шилгээлээ” хэмээн ярилцах иргэдтэй ч таарсан юм. Цагаан сарын өмнөхөн зарим зурхайч “Усан луу жилд газар хөдөлж, шилгээнэ” хэмээн хэлж байсан. Тэдний зөгнөл биелсэн нь энэ юм болов уу.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж