Р.Раш гишүүн “том хүний” дуу дуулав

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Р.Раш гишүүн “том хүний” дуу дуулав

УИХ-ын эрхэм гишүүд өнгөрсөн жил Д.Дондог гишүүнийд сар шинийн баяр тэмдэглэсэн бол усан луу жилд Р.Раш гишүүнийд шинэллээ. Ирсэн зочдоо хөгжөөж эрхэм гишүүн Р.Раш ая дуу өргөв. Кинонд дуу оруулж баймаар эр хонгор дуутай эрхэм гишүүн дууг ч гайгүй аялчихдаг аж.

“Мянган чиг олон адууны дундаасаа
Магнаг сартай манхан шарга нь түрүүлээд ирэв ээ хө.

Мянган чиг олон хүний дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр минь тормойж харагдана аа хө”
гэсэн үгтэй ардын дууг Р.Раш гишүүн зүгээр ч нэг сонгоогүй гэнэ. Тэрбээр 1961 онд долоон настай байхдаа энэ дууг хүүхдийн баяраар дуулж шагнуулж явжээ. Хойтон нь нэгдүгээр ангид ороод мөнөөх дуугаа дуултал ангийн багш нь “Том хүний дуу дууллаа” гэж зэмлэсэн юм байх. Сая сар шинийн баяраар энэ дуугаа “ангийнхан”-даа дуулж өгөхдөө “Одоо том хүний дуу дуулж болох байлгүй гэж бодоод багшдаа зэмлүүлж явсан дуугаа зориуд сонголоо” хэмээн хошигносон юм. Р.Раш гишүүн битүүний өдөр 25 дугаар суваг телевизийн “Урилга” нэвтрүүлэгт оролцохдоо Ж.Бадраагийн “Гайхмаараа” дууг дуучин Дэлгэрмаатай хослон дуулж, урлагийн авьяасаа бас гайхуулна лээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж