“Шинэ улс төрийг” тодорхойлогч

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

“Шинэ улс төрийг” тодорхойлогч

Өндөр ууланд хөлд орсон жирийн ардын хүү Монгол Улсын Төрийн тэр­гүүн Ц.Элбэгдорж сар шинийн баярын өдөр ард түмэнтэйгээ үзэл бодлоо хуваалцлаа. Тэрбээр үүгээрээ өөрийн имижээ ч тодотгоод авав. Бас яггүй улстөрч гэдгээ харууллаа. Монголын имижийг эрх чөлөө, их түүх, ирээдүй хэмээн тодорхойлсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шударга ёс, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлдэг нэгэн. Шударга ёсыг тогтоохын тулд ажиллахаа ард түмэнд амлаж байсан юм. Үнэлэмж, мэдрэмж, зориг нь сайн улстөрчийн чанар хэмээн Ерөнхийлөгч “Блиц 100” асуултад хариулах үеэрээ хэлсэн юм. Харин түүнд ийм зан байдаг эсэхийг олон нийт хэдийнэ тунгаасан болов уу. “Шүүх, хууль хяналтын байгууллагад шинэчлэл хийх болно” гэж олон ажлыг эхлүүлсэн хүн бол Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж. Гэвч энэ ажил өнөөдөр хэлэлцүүлэг, санал бодол, туршлага солилцох түвшинд явж байна. Харин ажил хэрэг болж тэр нь үр дүнгээ хэзээ өгөх нь иргэдэд хамгийн чухал байгаа. Энэ бүгдийг хийхэд хүчин мөхөсдөж байгаагаа Ерөнхийлөгч хэллээ. Мөн “Ажил урагшаа ахихгүй байгааг хууль тогтоогчдоос асуу” хэмээж орхив. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа оюутнуудад тэтгэлэг олгох тухай ярьж байсан. Үүнийгээ хэрэгжүүлж, оюунтууд өнөө­дөр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авлаа. Төрийн болон хувийн ажилд шударга ёс хамгийн чухал гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярих бүртээ сануулдаг. Харин түүний үгийг хэд нь хүлээж авдаг эсэхийг хэлж мэдэхгүй юм. Түүнчлэн тэрбээр гүжирдүүлдэг гэдгээ хэлсэн. Ингэхдээ хааяа ээжээсээ очиж асуудаг гэнэ. Ээжээсээ асуугаад уйлж байсныг нь монголчууд мэднэ. Монголд байгаа тууштай улс төрийн хүчин бол Монголын ардчилсан холбоо гэдгийг Ц.Элбэгдорж зарлалаа. Бас жинхэнэ эх орончдыг хуурамч эх орончдоос ялгах аргыг ч таниуллаа. Мөн шинэ улс төрийн шалгуурыг тодорхойлов. Түүнийхээр шинэ санаа, шинэ шийдэл нь Монголын шинэ улс төрийн гол шалгуур үзүүлэлт аж. Ямартай ч тэрбээр “Блиц 100” асуулт бүртээ нэгийг бодогдуулахаар хариулт хэлснээрээ өөрийгөө шинээр тодорхойлов. 

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж