“Өршөөгдсөн хэргийг сэргээсэн анхны тохиолдол энэ боллоо”

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

“Өршөөгдсөн хэргийг сэргээсэн анхны тохиолдол энэ боллоо”

ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүхээр товлосон. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн ухааны доктор, судлаач, Г.Гантөмөрийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдсон болон ял шийтгүүлсэн хүмүүст өршөөл үзүүлсэн. Гэтэл зөвхөн цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг сэргээн шалгахаар болсон нь сонирхол татаж байна. Ер нь өршөөл, өршөөлийн хууль гэж юу болох талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Өршөөл үзүүлэх нь ямар ч нийгэм, төрийн байгуулал, улс төрийн тогтолцоотой улс оронд байдаг үйл явц бөгөөд олон жилийн түүхтэй. Манай Монгол Улсын тухайд ч бүр XIII зуунд буюу Өгөөдэй хааны үед өршөөл үзүүлж байсан тухай эх сурвалжид тэмдэглэгдсэн нь бий.  1990 оноос хойш 20 жилийн ху­гацаанд манай улсад зургаан  удаа өршөөл үзүүлэх тухай хууль гарч хэрэгжиж ирсэн байдаг юм. Өршөөл гэдэг нь аль ч хэлэнд товчхондоо “мартъя”, “орхиё” гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт сэрдэгдсэн, үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдоод оногдсон ялаа эдэлж байгаа хүмүүст төрийн энэрэл хайрыг хүртээж итгэл хүлээлгэн, хэвийн амьдралд нь буцаан оруулж, нийгмийн дунд байж засарч хүмүүжих боломж олгох зорилгоор төрийн хууль тогтоох байгууллагаас гаргадаг, тодорхой хугацаанд, нэг удаа үйлчлээд дуусдаг хууль гэж хэлж болно.

-Өршөөлийн хуулийг гаргахад ямар нэгэн тэмдэглэлт ойг таа­руулдаг учир нь юунд байдаг юм бэ?

-Сүүлийн үед ямар нэгэн тэмдэглэлт ой, томоохон үйл явдлыг тохиолдуулан өршөөл үзүүлдэг жи­шиг өөрчлөгдөөд байгаа шүү дээ. Харин улс оронд болсон зарим үйл явдалтай холбогдуулан үр  дагаврыг нь арилгах зорилгоор өршөөл үзүүлэх хандлага гарах болсон нь тийм ч сайн зүйл биш юм. 2009 оны долоодугаар сарын 9-ний “Өршөөл үзүүлэх тухай” хуульд уг хууль нь 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдалд холбогдсон болон ял шийтгүүлсэн этгээдүүдэд өршөөл үзүүлж байгаа талаар онцлон дурдаагүй боловч уг үйл явдалтай холбоотой гарсан гэдэгт хэн ч маргахгүй байх.

-Бас улс төрийн шалтгаанаар өршөөл үзүүлэх байдал анзаа­рагдаж байгаа юм биш үү?

-Эрүүгийн эрх зүйн сонгодог онолын төлөөлөгч Чизаре Беккаряагийн “Гэмт хэрэг ба ялын тухай” алдарт бүтээлдээ “Өршөөл үзүүлэх нь засаглагчдын хувьд эрх мэдэлтэйгээ харуулах аятайхан арга, онцгой эрх байдаг. Гэхдээ өршөөл нь хууль хэрэглэгчдийн бус хууль тогтоогчийн хувьд буяны үйл бөгөөд ингэснээрээ хүмүүст гэмт хэрэг үйлдчихээд өршөөгдөөд байж болдог, ял гарцаагүй биш юм байна, шударгаар шүүгдэхээс илүүтэй өршөөлд багтахыг хичээх нь зүйтэй юм гэсэн бодлыг төрүүлдэг” хэмээн дурдсан. Засгийн эрхийг барьж буй улс төрийн хүчнүүд улс төрийн нэр хүнд, карьераа өсгөх, сонгуулийн өмнө сонгогчдын итгэлийг олж авах, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх бас бус зорилгоор өршөөл үзүүлэх  хууль санаачлах, батлах явдал гардаг нь тийм ч таатай үр дагавар дагуулдаггүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм.

-Өршөөлийн хуулийг ямар ху­гацаанд хэрэгжүүлэхээр заасан байдаг вэ?

-“Өршөөл үзүүлэх тухай” хууль эрх бүхий байгууллагаас баталсан даруйд заасан хугацаандаа хэрэгжүүлэх ёстой. Хугацааг тухайн хуульд тодорхой он, сар, өдрийг зааж, үүнээс өмнө үйлдэгдсэн ийм ангилал, төрлийн гэмт хэргүүд хамрагдана гэж тусгасан байдаг учир тухайн үйлдэл нь хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн л бол хэдийд ч илэрч мэдэгдсэн Өршөөлийн хуулийг хэрэглэж болно гэж ойлгож болно. 

-Тухайлбал 2009 онд баталсан Өршөөлийн хуулиар хамгийн их хоригдол суллагдаж байсан гэж сонссон. Энэ үнэн болов уу?

-Тийм ээ, 2009 онд баталсан Өршөөлийн хуулийн дагуу 1800 гаруй хоригдлыг ялаас чөлөөлөх буюу ялыг хөнгөрүүлсэн байдаг. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд 1200 гаруй хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөлийн нөхцөлд нийтдээ 3000 гаруй хүн хамрагдсан мэдээ байдаг. Дахин хэлэхэд, өршөөж байна гэдэг нь  мартана, хэлтрүүлнэ гэсэн үг. Өршөөх, хэлтрүүлэх эрх зөвхөн УИХ-д л бий.

-Хэрэгт холбогдсон этгээдийг хэргээ хурдан хүлээвэл Өршөөлийн хуульд хамруулж өгнө гэсэн дарамт багагүй ирж байсан талаар иргэд гомдоллодог юм билээ. Ийм зүйл байж болох уу?

-Болохгүй. Ер нь 2009 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан нэг том завхрал бол прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийг шалгаж, гэм бурууг тогтоосон нотлох баримтыг бүрдүүлсэний эцэст “Өршөөлийн хууль”-д хамруулж хэргийг хэрэг­сэхгүй болгох чиглэлийг доод шатны прокуроруудад өгсөн явдал юм. Үүнийг үндэслэн зарим прокурор хөнгөн, хүндэвтэр хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүдээс гэм буруугаа хүлээхийг шаардах, “Бичгээр хүсэлт гаргаж гэм буруутайгаа хүлээсэн тохиолдолд өршөөл үзүүлнэ” гэж тулгасан талаар зарим өмгөөлөгч шүүмжилж байсан. Энэ нь НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан, сэжигтэн, яллагдагч өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж, тэдэнд гэм буруугаа хүлээх, нотлох үүргийг хүлээлгэхгүй байх зарчмыг алдагдуулсан ноцтой зөрчил болно. 

-Энэ зөрчлийг арилгахын тулд юу хийх ёстой вэ?

-Нэгэнт хууль тогтоох байгууллага УИХ нь Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан бол түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан  уг хуулийг агуулга, үзэл санаа, журамд нийцүүлэн зөв хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүний тулд Өршөөлийн хуульд хамаарсан бүх этгээдэд өршөөлийн хуулийг жигд хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар өршөөлийн хуулийг ялгавартай хэрэглэж болохгүй. “Өршөөлийн хуулийг хэрэглэхэд улс төрөөс ангид байх ёстой, ямар нэгэн улс төрийн нөлөө орох ёсгүй”. “Өршөөлийн хуульд зааснаас өөр нэмэлт шаардлага, нөхцөлийг өршөөлийн хуулийг хэрэглэж байгаа байгууллага, албан тушаалтан тавихгүй байх”. “Нэгэнт өршөөлийн хуулийг хэрэглэсэн бол тэр үр дагавар буцаж сэргэхгүй байх” зэрэг зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Эдгээрт л  Өршөөл үзүүлэх тухай хуулийн гол мөн чанар, онцлог оршдог юм шүү дээ.

-Цагдаагийн дарга нарт хол­богдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгосон. Гэвч, энэ хэргийг УЕПГ-аас сэр­гээж, эдүгээ шүүхэд шилжигдсэн байгаа. Энэ талаар судлаач хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

 
-Өршөөлийн хуулийн гол онцлог нь түүний дагуу шийдвэрлэгдсэн асуудлыг дахин сэргээх боломжгүй, тийм нөхцөлгүй болдогт оршдог. Монгол Улсад өршөөл үзүүлж ирсэн практикийг судлахад өршөөл үзүүлсэн шийдвэрээ цуцлан, хүчингүй болгосон, эргээд ял оногдуулсан жишиг, тохиолдол байдаггүй. Тэгэхээр энэ нь Монгол Улсад гарч буй анхны тохиолдол болж байна.  Судлаачийн хувьд уг асуудлыг онолын талаас нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын зүйл заалтад үндэслэн тайлбарлая. Өршөөл үзүүлж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээр хянан хэлэлцэж байгаа хэргийг хэрэгсэхгүй заалт зөвхөн Өршөөлийн хуульд бий. ЭБШХ-д ийм заалт байхгүй. ЭБШХ-ийн 211 дүгээр зүйлд “Энэ хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бол дээд шатны прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тухайн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээнэ” гэж заасан байдаг. Гэтэл дээрх хэрэг нь ЭБШХ-аар биш “Өршөөл үзүүлэх тухай” хуульд гэмт хэргийн ангиллаараа хамрагдаж хэрэгсэхгүй болсон байгаа. Иймээс өршөөл үзүүлж хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх тухай асуудал байхгүй нь хүчин төгөлдөр үйлчилж буй ЭБШХ-аас харагдаж байна.

Уншигчдад илүү ойлгомжтой болгохын үүднээс манайд хэдэн жилийн өмнө гарч байсан “Татварын өршөөлийн хууль”-ийг жишээ болгон дурьдъя. Өнөөдрөөс өмнө нууж байсан татвар ногдох орлогын асуудлыг чинь өршөөлөө, энэ талаар дахин хэзээ ч юу ч ярихгүй гэсэн утгатай хууль гарсан. Хэрэгжсэн. Хэний ч татвараас нуусан хэдэн ч төгрөгний орлогын асуудал хаана ч дахин яригдаагүй. Ингээд л олон жил олон тэрбумаар яригдах орлогоо татвараас нууж, дотроо байнгын айдастай явсан олон мянган аж ахуйн нэгжийн дарга нарын дотор нэгмөсөн онгойсон гэлцдэг. Эрүүгийн хэргийн өршөөл ч үүнтэй яг адилхан үйлчлэлтэй. Түүгээр шийдэгдсэн асуудал хэзээ ч сэргээж босгох учиргүй. Хэрэв сэргээвэл тухайн хүний асуудлыг хоёр удаа хоёр өөр байдлаар шийдсэн хэрэг болно. Энэ нь хуулиар хориотой.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж