Салбарын сайдын зүгээс цагдаагийн дарга нараа ил, цагаанаар өмгөөлж хамгаалсан үг өнөөг хүртэл унагаагүй. Ер нь цагдаа нараа ч төдийлөн өмөөрөөд байдаггүй. Харин шүүх хурлын чимээ ойртсон эгзэгтэй мөчид тэрбээр “Өргөдөл шилжүүлэх тухай” гэсэн даруухан хаягтай албан бичигтээ юу өгүүлсэн нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Чухам үнэнийг цөөн үгээр жинтэйхэн анхааруулсан уг бичигт юуны өмнө цагдаагийн албан хаагчдад холбогдох хэргийг Цэргийн гэмт хэрэгт хамааруулан зүйлчилсэнийг эсэргүүцжээ. Ерөөсөө л гол агуулга нь тэр. Мөн “Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн оролцоогүй, дотоодын цэргийн техник хэрэгслийг ашиглаагүй” гэдгийг баттай өгүүлсэн аж. Үүгээрээ Ц.Нямдорж ажлаа, цагдаагаа дэндүү сайн мэддэг, аливаа зүйлийн үнэн учрыг тунгааж голчыг нь олж чаддаг, тулхтай төрийн сайд гэдгээ харууллаа. УИХ-ын 2008 оны хоёрдугаар сарын 1-нд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар цагдаа, онцгой байдал, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан, албан хаагчдад холбогдох хэргийг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар ялладаг байсныг болиулсан. Гэтэл үймээний хэрэг 2008 оны долоодугаар сарын 1-нд гарсан. Үүнийг хүчингүй болсон буюу “үхсэн” хуулийг сэргээн босгож хэрэглэн заавал цэргийн гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэн яллах гээд байгаагийн цаад утга нь тун эвгүй байгаа биз.
Үүнийг хуулийн “акул” хэрхэн зөвтгөн үзэх билээ. Тиймдээ ч “Миний энэхүү саналаа илэрхийлснийг хуулийн агуулгатай, ажил хэргийн чанартай гэдэг талаас нь зөв ойлгохыг хүсье” хэмээн онцолсон байгаа юм. Яагаад гэвэл Ц.Нямдорж хуульчаас гадна улстөрч билээ. Тэр тусмаа Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд түүний байр суурь тод томруун, өргөн хүрээг хамардаг. Гэтэл Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Ардчилсан намын лидерүүдийн нэг. Тиймээс энэ хоёр хүний одоогийн албан тушаалын цаана хоёр том намын төлөөлөл гэдэг өөр өнцөг хүссэн ч, эс хүссэн ч харагдаад байдаг. Иймд хашир улстөрчийн хувьд уг албан бичгийг аль өнцгөөс яаж харахыг хүсч байгаагаа зориуд тодотгон дурьдсан нь зүйн хэрэг биз. Түүнчлэн “Уг хэргийг хууль завхруулахгүйгээр шийдэх хангалттай эр зориг бий гэдэгт итгэж байна” хэмээсэн чинжүү шиг хатуу үгтэй ганц нэг өгүүлбэр хараа булаав. Улс төрийн сонгуулиас үүдэлтэй энэ хэрэгт улстөржсөн байр сууринаас хандах вий гэсэн эмээлт, эмзэглэл тээсэн дээрх өгүүлбэрийг үүнээс зөөлнөөр яаж хэлэх билээ дээ.
Уг нь нэгэнт шүүхэд шилжсэн энэхүү хэрэгт эдүгээ Д.Дорлигжавын оролцоо хахь, хөндий байх учиртай. Гэвч нөхцөл байдлыг ажиглахад “хамгийн их хамаатай, оролцоотой” байсаар байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн албан хаагч, удирдлагуудыг яллахын төлөө асар амбицтай, идэвхтэй “ажиллаж” байгаа нь ажиглагддаг. Наад зах нь уг хэргийг Өршөөлийн тухай хуульд хамруулсны дараа Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр зөвхөн цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг бусдаас нь сугалан авч сэргээснийг хуулийн салбарын олон хүн шүүмжилсэн.
Урьдчилсан таамгаар бол ямартай ч нэг удаа хэрэгт холбогдогчдын хүсэлтийг хүлээн авч мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэж магадгүй төлөвтэй байна. Гэвч ердөө маргааш нь л “Таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн утга бүхий нэг хуудас цаасаар амыг нь таглаад яллачихаж мэдэх юм. Өөрөөр хэлбэл хүсэлтэд үнэн сэтгэлээсээ хандан судалж, гүйцэлдүүлэх хүсэл зориг байхгүй л болов уу гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлээд байна.
Ямартай ч шүүх хурлыг өнөөдөр хийхээр товлосон. Гэхдээ энэ удаагийн шүүх хурал хойшилно гэдэгт уг хэрэгт хамааралтай хүн бүр итгэлтэй байна. Энэ юуг өгүүлнэ вэ. Ямартай ч шүүх хурлыг товлосон өдрөөс яг нэг сарын өмнө ХЗДХ-ийн сайд “хэлдгээ хэлсэн” албан бичгээ зохих газарт нь хүргүүлжээ. Цаашид хэрэг явдал хэрхэн өрнөхийг харж суух л үлдлээ. Хэрэв хууль хэрэгждэг бол, улстөржүүлэн гуйвуулахгүй бол үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид ял хүлээх ёсгүй.
"Улс төрийн тойм" сонин