Газрын тосны үнэ 2011 оны рекорд руу дөхжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ 2011 оны рекорд руу дөхжээ

Ираны цөмийн хөтөлбөрөөс үүдсэн бүс нутгийн таагүй байдал газрын тосны үнийг өнгөрсөн оны үнийн огцом өсөлт рүү аваачжээ. Газрын тосны үнийн өсөлт өнгөрсөн баасан гаригт шатахууны үнийг галлон тутамд 3.65 ам.доллараар хөөрөгдсөн байна. Энэ нь өнгөрсөн оны шатахууны хамгийн дээд үнэ билээ. Өрнөдийн орнууд Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэж хардан, тус улсаас олон улсын шин­жээчдийг цөмийн байгууламжид шал­галт хийлгэхийг шаардаж байгаа юм.

Гэвч Иран цөмийн хөтөлбөр нь зөвхөн эрчим хүчний зориулалттай гэж мэтгэсээр байгаа бөгөөд цөмийн шинжээчдийг хүлээж авахаас хоёр дахь удаагаа татгалзжээ. НҮБ өнгөрсөн баасан гаригт Ираныг олон улсын шаардлагын хариуд ураны баяжуулалтыг улам сайжруулж байгаа нь цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэдэг таамгийг улам лавшрууллаа хэмээн мэдэгдэл гаргажээ. Газрын тос үйлдвэрлэгч орнуудын томоохон бүс нутаг дахь таагүй байдал улам хурцдаж буй энэ үед хөрөнгө оруулагчид газрын тосны найдвартай, урт хугацааны гэрээ байгуулахаар өөр түншүүд хайж эхэлжээ.

Хар алтны төлөөх яахаас ч буцах­гүй дайны өмнөх эгзэгтэй үед хүн бүр амандаа орсон тоо хэлж, газрын тос­ны үнийг хөөрөгдөх аюултай гэж ажиглагчид бичиж байна. Израйль Иранд цохилт өгнө гэдгээ нуухгүй байгаа энэ үед Иран нефть тээвэрлэх Ормузийн хоолойг хараандаа авч, хэзээ хэзээгүй хаана гэж сүрдүүлээд байгаа юм. Персийн булангийн уг нарийхан хоолой нь газрын тос үйлдвэрлэгч орнуудын хувьд амин чухал газар билээ. Ормузийн хоолойгоор дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн тавны нэг хувь дамжин өнгөрдөг аж.

Өнгөрсөн баасан гаригт Нью Йоркт түүхий нефтийн үнэ нэг баррель нь 1.94 ам.доллараар нэмэгдэж, 109.77 ам.долларт хүрсэн бол Лондонд 1.85 ам.доллараар нэмэгдэж, нэг баррель түүхий нефть 125.47 ам.доллараар худалдаалагджээ. Брент маркийн газрын тос нэг баррель нь 126 ам.долларт хүрсэн бол WTI маркийн газрын тос өнгөрсөн оны дээд үнэ 114 ам.долларт хүрчээ. Иранаас нефть импортлохыг хориглож, Азийн орнуудыг ч мөн энэ хориг арга хэмжээнд нэгдэхийг ятгаж буй АНУ-д шатахууны дундаж ханш  өнгөрсөн долоо хоногт бараг 12 центээр өссөн байна. 

Харин Калифорни, Аляска, Хавай мужид нэг галлон шатахууны үнэ өнгөрсөн долоо хоногт дөрвөн ам.дол­лараар нэмэгдсэн гэнэ. АНУ-ын Газрын тосны үнэ ханшийн мэдээллийн төвийн шинжээч Том Клозагийн таамаг­лаж буйгаар газрын тосны үнийн өсөл­төөс болж ирэх өдрүүдэд зах зээлд шата­хууны үнэ 10-15 центээр нэмэгдэх аж. Нэг галлон шатахууны үнэ 3.65 ам.доллар байгаа нь өнгөрсөн оны дээд үнэ 3.98 ам.доллараас бага боловч үнэ өсөх замдаа орсныг эдийн засаг­чид анхааруулж байна. 2008 оны дэл­хийн санхүүгийн хямралын үеэр нэг галлон ша­тахуун 4.11 ам.долларт хүрч байжээ. Үнийн өсөлт цаашид энэ мэтээр үргэл­жил­вэл ирэх дөрөвдүгээр сард нэг гал­лон шатахуун 4.25 ам.долларт хүрэх гэнэ.

Шатахууны үнийн өсөлт эдийн засагт дарамт учруулж, өргөн хэрэг­лээ­ний бараа, тээврийн хэрэгслийн үнийг өсгөнө. Эдийн засагчдын баталж буйгаар шатахууны үнэ ганц­хан хувиар өсөхөд эдийн засаг 1.4 тэрбум ам.долларын алдагдал үүрдэг байна. АНУ-ын Баруун эрэг дэх “Бритиш Петролюм” компанийн неф­ть боловсруулах үйлдвэр шатсан нь шатахууны үнэ нэмэгдэхэд нэрмээс болсон гэж ажиглагчид бичиж байна. Өдөрт 230,000 баррель нефть боловсруулдаг тус үйлдвэр нь Баруун эргийн гуравдахь том боловсруулах үйлдвэр байжээ. Нөгөө талаар өвлийн түлшний оронд зуны үнэтэй түлш боловсруулах шат эхэлснээс нефть боловсруулах явц удааширч байгаа аж.

Олон жилийн судалгаанаас харахад өвлийн түлшнээс зуны түлшинд шилжих энэ үед шатахууны үнэ жам юм шиг нэмэгддэг гэнэ. Шатахууны үнэ нэмэгдсээр байгаа нь улс төрийн чухал асуудал болоод байгаа аж.  АНУ-ын зарим хууль сахиулагчид Ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргаанаас шатахууны үнийн хөөрөгдлийг арил­гахын тулд улсын нөөцийн сангаас шатахуун гаргахыг уриалсан боловч шинжээчид энэ арга тус болохгүй гэж үзжээ. АНУ-ын Засаг захиргаа өнгөрсөн зун Ливид бослого хөдөлгөөн дэгдэхэд газрын тосны салбарыг нь хаах гэж оролдсон билээ. Тухайн үед газрын тос­ны үнэ буурсан ч удалгүй нэмэгдсэн юм.

Н.ЭНХ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж