Дөрвөн хүүхэдтэй өрхийг дөрөвдүгээр сараас орон сууцжуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Дөрвөн хүүхэдтэй өрхийг дөрөвдүгээр сараас орон сууцжуулна

Байртай
болохыг мөрөөдсөн бага дунд орлоготой иргэдийг баярлуулах нэгэн
шийдвэрийг Засгийн газраас сар шинийн өмнө гаргасан нь зургаан хувийн
хүүгийн асуудал байв. Баясгалан хэмээгч луу жилийн босгон дээр баяртай
мэдээгээр сонороо мялаасан бага дунд орлогтой иргэдэд ирэх дөрөвдүгээр
сараас буюу айсуй сонгуулийн өмнөхөн энэ зээлийг авч болно хэмээн Зам
тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр дуулгав.

Өнгөрсөн
2011 оны гуравдугаар сард Засгийн газраас зургаан хувийн хүүтэй зээлийн
асуудлыг анх хөндсөн бөгөөд бүтэн жилийн турш хүлээлт горьдлого
дагуулсан хөтөлбөр ийнхүү хэрэгжих шатандаа нэг алхамаар ойртлоо. Учир
нь Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар Монгол Улсын
Засгийн газраас баталсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн
хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй, 50 м/кв-аас ихгүй талбайтай орон
сууцыг анх удаа орон сууц авах иргэдэд олгох тусгайлсан журамд гарын
үсэг зурж баталгаажуулсан юм. 

Ингэснээр иргэд Засгийн газрын
138 дугаар тогтоолын дагуу жилийн зургаан хувийн хүүтэй, 20 жилийн
хугацаатай зээл авч орон сууцтай болох боломж бүрдэж байгаа  гэнэ.
Урьдчилгаа болгож иргэд орон сууцны үнийн 10 хувийг бэлнээр төлөх юм
байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас 200 тэрбум
төгрөгийг бонд гаргахаар болжээ. Түүнчлэн барилгын компаниудаас Засгийн
газраас хэрэгжүүлэх зуун мянган 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт
159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирүүлснээс 79486 айлын орон
сууцыг хамруулахаар болоод байгаа юм билээ. . Хөтөлбөрт хамрагдсан орон
сууцнуудаас нэг жил зургаан сарын дотор ашиглалтад орох 28300 орон сууц
баригдаж байгаагаас 6341 нь 50 м/кв талбайтай гэдгийг ч салбарын сайд
нь  ярьж байсан. Өнөөдөр баталсан журмаар талбайн хэмжээг 55 м/кв болгон
нэмсэн байна. 100 мянган айлын орон сууцны 75000 нь нийслэлд, 25000 нь
хөдөө орон нутагт баригдах юм.

Засгийн газраас “Шинэ бү­тээн
байгуулалт” дунд зорилтот хөтөл­бөрийг 2011-2016 он хүртэл хоёр үе
шат­тайгаар хэрэгжүүлэхээр төлөв­лө­сөн бөгөөд үүний хүрээнд бага дунд
орлогтой иргэдийг байртай болгох, Улаанбаатарыг агаарын бохирдлын
асуудлыг шийдвэрлэхээр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг
хэрэгжүүлж болж өгвөл нэг сумаар хоёр туулай буудах зорилт тавьсан.  Энэ
зорилтоо ирэх зургадугаар сард болох сонгуулиас өмнө хэрэгжүүлэхийн
тулд Засгийн газраас нэлээд идэвхийлэн эрчимтэйгээр ажиллаж эхлэх дэг.
Гэхдээ дөрвөн хүүхэдгүй л бол энэ зээлд эхний ээлжинд хамрагдаж чадахгүй
шүү гэдгийг иргэдэд дуулгахад илүүдэхгүй биз ээ. Салбарын сайд
мэдээллийнхээ үеэр 0-16 насны 1-4 хүүхэдтэй айлд эхний ээлжинд давуу
боломж эдэлнэ шүү гэдгийг ч дуулгасан. МАН-аас ирэх сонгуулийн хөзөр
болгон дэлгэж байгаа  “Хөгжлийн хөтөлбөр”-т тусгасан дөрвөн хүүхэд
төрүүлсэн айлд байр өгнө гэсэн байсан. Тэгэхээр “100 мянган айлын орон
сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд дөрвөн хүүхэдтэй айлыг орон
сууцанд хамруулна гэдэг ерөнхийдөө МАН-ынхны амлалтаа биелүүлэх гэсэн
арга бололтой. Зээл авах  иргэдэд ямар нэг тусгайлсан квот тавихгүй
гэлээ. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй дээрх хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцнууд

Яармаг,
МҮОНРТ орчимд, 100 айл, “Шинэ Зуунмод” хороолол, 13 дугаар хорооллын
урд босох гэсэн. Орон сууцны шинэ хороо­лолтой уялдуулж, цэцэрлэг,
сур­гууль, дэлгүүр, үйлчилгээний газрууд гээд дэд бүтцийн асуудлыг нь
давхар шийдвэрлэх юм даг уу даа.  Хөтөлбөрийн хүрээнд орон сууцны шинэ
хороолол барих газруудыг чөлөөлөх ажил өнгөр­сөн жилээс эхэлсэн бөгөөд
Орон сууцжуулах үндэсний хороо­ных­ны хэлж байгаагаар энэ ажилд
нийслэлийн Засаг даргын Тамгын газар их идэвхтэй ажиллаж байгаа гэсэн.
Гэхдээ ард иргэдаас газрыг нь худалдаж авахад үнэ мөнгөө тохиролцож
чадахгүй цаг алдаж байгаа тал бий гэдгийг ч нуугаагүй.  Ямарч байсан
зарим нэг гэр хорооллын газруудыг чөлөөлж эхэлсэн байна. Журмын дагуу
бэлтгэл ажлыг ханган гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр
ажлыг эхлүүлэх боломжтой аж. Түүнчлэн Хөгжлийн банкнаас гаргах үнэт
цаасны эх үүсвэр орж ирэх хүртэл хугацаанд батлагдсан журмын дагуу
арилжааны банкны өөрийн эх үүсвэрийг ашиглан иргэдэд орон сууцны
хөнгөлөлттэй зээл олгох ажлыг тухайн банкуудтай хамтран зохион
байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Батжаргалд даалгасан байна.

Мөн
хөнгөлөлттэй зээлд зориу­лан гаргасан Хөгжлийн банкны үнэт цаасны болон
хүүгийн төлбөр, иргэ­дэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүү, арилжааны
банкаар дамжуулан олгосон орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг ирэх оны 
төсвийн тухай хуульд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад, Засгийн газрын
дээрх тогтоолын хэрэгжилт, орон сууцны зээл олгох хөнгөлөлттэй зээл
олгох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд,
Үндэсний хорооны дарга М.Энхболдод даалгажээ.

Өнгөрсөн онд
иргэдэд олгосон нийт зээлийн 99 хувийг арилжааны банкууд олгосон. Банкны
салбарын хэмжээнд 485,4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 15 мянга
гаруй өрхөд олгожээ. Тэднээс найман мянга гаруй зээлдэгч зээлээ эргүүлж
төлсөн дүн гарсныг мөн дуулгав. Зургаан хувийн хүүтэй зээлийн асуудлыг
Засгийн газраас шийдвэрлэснээр арилжааны банкууд ч зээлийнхээ хүүг
буулгана хэмээн үзэж байгаа гэнэ. Өнөөдрийн байд­лаар арилжааны
банкуудаас олгож буй орон сууцны зээлийн хүү жилийн 24 хүртлэх хувьтай
байгаа юм. 

Зургаан хувийн хүүтэй зээлийг ирэх дөрөвдүгээр
сараас олгохоос өмнө нийлүүлэлтэд нь ч давхар анхаарч нэмэгдүүлэх талаар
ажиллах хэрэгтэйг барилгын салбарынхан ярьж байна. Бага дунд орлоготой
иргэд байртай болох нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэх байр суурьтай
хүмүүс байна. Учир нь өнөөдөр хамгийн хямдхан хоёр өрөө байр гэхэд л 33
метр квадрат нь 53 сая төгрөг байгаа. Үүнийг бага дунд орлоготой иргэд
авна гэдэг хүндрэлтэй. Хөтөлбөрийн хүрээнд нэг өрх 55 метр квадрат байр
худалдаж авлаа гэхэд өнөөдрийн ханшаар 75 сая төгрөг төлөх хэрэг­тэй
байгаа гэнэ. Өнгөрсөн жил “100 мянган айлын орон сууц” хэрэг­жүүл­нэ
гээд том ам гаргаж, баахан хүлээлт үүсгэсэн нь барилгын сал­барт
инфляцийг  эрчимжүүлж, энэ нь иргэдэд ихээхэн дарамт учруулсан гэнэ.

Дээрх
хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байгаа нэрийдлээр хил
гаалиар орж ирж байгаа барилгын материалын гаалийн  татварыг 20 хувь
болтол нэмсэн нь  орон сууцны үнийг хөөс­рүүлэх бас нэг шалтгаан болсон
аж.  Тэгэхээр зургаан хувийн хүүтэй зээл гэхээсээ илүү хий
хөөрөг­дөл­тэй байгаа орон сууцны үнийг тогтвор­жуулах талаар анхаарах
хэрэгтэй ч зарим барилгын мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм. Эхний
ээлжинд дөрвөн хүүхэдтэй өрх байртай болох учраас.  Гэхдээ хэлэх
амархан, хийх хэцүү гэдэг  дээ.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж