”Түүхэн он цагийг хамтдаа бүтээцгээе”

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

”Түүхэн он цагийг хамтдаа бүтээцгээе”

Мэндчилгээ

Эх нутгийнхаа дөрвөн зүг найман зовхист суугаа

Ардчилсан Монгол Улсын иргэд ээ

Та бүхэндээ монгол түмний уламжлалт их баяр сар шинийн мэнд дэвшүүлье!

Улиран одож буй төмөр туулай жил Монголчууд бидний хувьд болон Ардчилсан намын хувьд амжилт бүтээлээр дүүрэн, түүхэн жил болон өнгөрч байна.

Туулай жилд Ардчилсан нам “Монгол Хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулж хэлэлцүүлэгт 100 гаруй мянган иргэн оролцож, олон мянган санал санаачилга гаргалаа. Ардчилсан намын “Монгол хүн 2020” ерөнхий хороо дээрх санал санаачилгыг нэгтгэж, 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх Монгол хүний хөгжлийн хөтөлбөр болгохоор боловсруулж байна.

Тэртээх 1989 оны Ардчилсан хувьсгал Монгол түмний гарт эрх чөлөөний “Алтан гэрэгэ”-г атгуулсан билээ. Тэрхүү тэсгэм хүйтэн өвлөөр тэрсэж тэмцсэн эрх чөлөөний түүхэн хувьсгалын баатрууд нь Монголын ард түмэн байсан юм аа. Ардчиллыг бид бүтээн байгуулж чадсан ч бүрэлгэн сүйтгүүлэх аюул бас бий. Тиймээс ардчиллаа дархлаажуулах хамгийн чухал алхам бол айл өрх бүрийн эдийн засгийн баталгааг хангах явдал юм. Иймд Ардчилсан нам ардчилсан хувьсгалын түүчээ байсан шигээ ард түмнийхээ аж амьдралыг эрс дээшлүүлэх “Эдийн Засгийн Хувьсгал”-ыг манлайлан эхлүүллээ. Эдийн засгийн хувьсгал нь эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрхэлсэн ажилтай, энх тунх амьдралтай монгол хүний гарт эдлэх эрх, итгэх ирээдүйг нь бүрэн атгуулах учиртай.

Та бидний өмнө Баясгалант хэмээх луу жил айлчлан ирж байна.

Тэртээ 1206 оны луу жил Их эзэн Чингис хаан Их Монгол улсаа байгуулж, дэлхийн түүхэнд “Монгол” хэмээх нэрийг алтан үсгээр сийлсэн аугаа түүхийн эхлэл он цаг байлаа. 2000 оны луу жилийн 12 сарын 06 бол өнөөдрийн Ардчилсан намыг байгуулсан ардчилсан хүчнүүдийн нэгдэн нийлсэн он цаг байлаа. Тэгвэл эдүгээ 2012 оны 06-р сар буюу 1206 нь ардчиллын төлөө тэмцсэн монгол түмэн нэгэн санаа, нэгдмэл зорилгоор Ардчилсан засаглалыг тунхаглан зарлах түүхэн он цаг юм.

Ардчилсан Монгол улсын иргэд ээ Ардчилсан засаглалыг авчрах түүхэн жил айлчлан ирлээ.

Тэр түүхэн он цагийг хамтдаа бүтээцгээе.

Баясгалант хэмээх Луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.

Миний Монголын ард түмэн Сар шинэдээ Сайхан Шинэлээрэй!

Ардчилсан Намын дарга                                                 Норовын Алтанхуяг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж