ОХУ-ын Тува улсын Кызыль хотоос зүүн тийш 100 км-ын зайтай газарт өнөөдөр Лондонгийн цагаар 06.17 цагт 6-8 магнитутын хүчтэй газар хөдөлсөн тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлж байна. Кызыль хотод болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Монголын 14.17 цагт мэдрэгджээ. Ингэхдээ Завхан, Увс аймаг болон нийслэлд чичирхийлэл мэдрэгдсэн тухай мэдээлэл ирээд байгаа гэнэ. Нийслэлийн дүүргүүд болон аймагт ерөнхийдөө 1-2 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Нийслэлийн хэмжээнд III, IV хороолол, “Богд-Ар”, 19 дүгээр хороолол, Модны хоёр, Хан-Уул дүүргийн үйлдвэрийн гудамж, Мэдээлэл технологийн үндэсний паркт мэдрэгдсэн тухай иргэд, оршин суугчид мэдээлжээ. Иргэдээс ирсэн мэдээллээр хананд өлгөөстэй жаазтай зургууд хөдөлж, ганхсан, сууж байхад хөл нь чичирсэн байна.
Улсын хэмжээнд газар хөдөлсөн тухай мэдээллийг одоогийн байдлаар гаргаж байгаа бөгөөд нэг эсвэл хоёр өдрийн дараа хэдэн магнитудын хүчтэй газар хөдөлснийг бүрэн тодорхойлдог юм байна.
Харин Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлснээр Увс, Завхан аймагт өнөөдөр 14.20 цагт, Эрдэнэт, Улаанбаатар хотод 14.24 цагт газар хөдөлжээ. Чичирхийлэл нийслэлийн СХД-ийн 12 дугаар хороо, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд илүү мэдрэгдсэн тухай НОБГ-аас мэдээлж байна.
Холбоотой мэдээлэлийг ЭНД дарж үзнэ үү.
У.Болор