Уньт-Тариалангийн чиглэлд авто зам тавихыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Уньт-Тариалангийн чиглэлд авто зам тавихыг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар
Уньт-Тарилангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол
Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан
хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд
“Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Монгол Улс авто замын төслийг
хэрэгжүүлэх чиглэлээр Кувейт улстай 1996 оноос эхлэн хамтран ажиллаж,
Дархан-Эрдэнэт-Булганы чиглэлд хатуу хучилттай авто зам барих ажлыг
эхлүүлсэн, амжилттай үргэлжилж байгаа гэнэ. Өмнөх ажлууд ийн урагштай
байгаа тул Кувейт улс Булган аймгийн Уньт сумаас Хөвсгөл аймгийн
Тариалан сум хүртэл 88 км хатуу хучилттай авто зам барихад зориулж 20.5
сая ам.долларын санхүүжилтийг 22 жилийн хугацаатай, жилийн 2.5 хувийн
хүүтэй олгохоор болсон байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн
Я.Батсуурь “Яагаад заавал Уньт-Тариалангийн чиглэлд авто зам тавина гэж.
Замын-Үүд рүү тавих авто зам 1990 оноос эхлэн яригдсан ч өнөөдрийг
хүртэл биеллээ олоогүй байна. Ер нь Засгийн газрыг хэн толгойлно тэр тал
руу авто зам тавьдаг болсон. УИХ-ын гишүүн С.Баяр Ерөнхий сайд
болонгуут л Хөвсгөл рүү зам татахаар болсон шүү” гэх хартай асуулт
тавив. Үүнд Сангийн сайд С.Баярцогт “Кувейт улсын шугамаар тавигдаж
байгаа авто зам 1996 оноос эхтэй. Тухайн үед Засгийн газрыг С.Баяр дарга
удирдаж байгаагүй” гэх хариулт өгөв. Мөн Зам тээвэр, барилга хот
байгуулалтын яамны эрхэм “Аялал, жуулчлалыг хөгжүүлэх чиглэлийг барьж,
Кувейт улсын зүгээс “Уньт-Тариалангийн чиглэлд авто зам барихад зориулж
дэмжлэг үзүүлнэ” гэдгээ илэрхийлсэн. Энэ дагуу явж байгаа авто зам гэв.
Ийнхүү
авто зам дагасан хардлага ихээхэн байсны зэрэгцээ чанаргүй авто зам
барьж байгаад хариуцлага тооцож, тендер гэх булхай,  луйвар бугшсан юмыг
ч үндсээр нь өөрчлөх шаардлагатай гэсэн саналыг энэ үеэр гишүүд
гаргасан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж