Улсын бүртгэлийн ерөнхий газар цахим иргэний үнэмлэх хэвлэх программаа суулгаж дуусаад, иргэдийн гарт хүргэхэд бэлэн болоод байгаа ажээ. Засгийн газарт танилцуулсны дараа олон нийтэд тараах өдрийг мэдэгдэх гэнэ. Цахим үнэмлэхийг 484 нэгжээр дамжуулан ирэх дөрөвдүгээр сар гэхэд 16-гаас дээш насны иргэн бүрт хүргэсэн байхаар төлөвлөөд байгаа юм. Эхний ээлжид хүн амын хөдөлгөөн багатай, тогтвор суурьшилтай, иргэдийнх нь мэдээлэл цэгцэрсэн дүүргээс эхлэн туршилтын журмаар олгох ажээ. Нийслэл болон хөдөө орон нутгийн иргэд шинэ цахим үнэмлэх авахдаа харьяа хороондоо иргэний үнэмлэхээ авч очоод цахим иргэний үнэмлэхээ авах бүрэн боломжтой гэнэ. Хуучин үнэмлэхээ Улсын бүртгэлд хураалгах хэрэгтэй. Ингэснээр хуучин үнэмлэхийг устгалд оруулах ажээ.
Цахим үнэмлэхийг 10 жилдээ солилгүй хэрэглэж болох гэнэ. Учир нь иргэний цахим үнэмлэхийн их биеийг поликарбонатаар хийх ба уг материалыг гадны орнууд сум нэвтэрдэггүй шил, нисэх онгоцны их бие үйлдвэрлэхэд ашигладаг юм байна. Манай улсын хоёр сая гаруй иргэний цахим үнэмлэхийг 45 хоногийн дотор үйлдвэрлэж гаргах боломжтой ажээ.
Д.Жаргалсүрэн