Жолооны үнэмлэх хэвлэгч машин, төхөөрөмжид гэмтэл гарсны улмаас хүлээгдээд байсан 14500 орчим үнэмлэхийг хэвлэх ажил энэ сарын 17-ноос эхэлсэн. Үнэмлэх хэвлэх ажилтнууд битүүний өдөр хүртэл 24 цагаар ажиллаж, хаясан гээсэн, ангилал ахиулсан, солиулахаар өгсөн гэх хуучин жолоочдын 4500 орчим үнэмлэхийг хэвлэсэн байна. Харин маргаашнаас шинээр жолооны үнэмлэх авах 10 мянга орчим жолоочийн үнэмлэхийг хэвлэж эхлэх ажээ.
Эвдэрсэн хэвлэгч машины сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийг захиалгаар авчирч, ажиллагаанд оруулснаас гадна шинээр Toppan CP-400 хэмээх шинэ загварын хэвлэх машин суурилуулсан тул үнэмлэх хэвлэх ажил харьцангуй хурдацтай байгаа аж.
Д.Жаргалсүрэн