Сирийн санал хураалтыг инээдмийн жүжиг гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Сирийн санал хураалтыг инээдмийн жүжиг гэв

Сирид цус асгаруулсан мөргөлдөөн үргэлжилж, сөрөг хүчин эсэргүүцсээр байгаа ч Засгийн газар нь шинэ үндсэн хууль батлахаар бүх нийтийн санал асуулга явууллаа. Шинэ үндсэн хуулиар олон намын тогтолцоот парламентын сонгуулийг гурван сарын хугацаанд явуулахаар заажээ. Гэвч Сирийн сөрөг хүчин бүх нийтийн санал асуулгыг хэрэгсэхгүй гэж үзэж, Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаарджээ. Шинэ үндсэн хуулийг батлах тухай бүх нийтийн санал асуулга аллага хүчирхийлэл гаарч буй Сирид дайран дээр давс нэмсэнтэй адил явдал болж, өчигдөр л гэхэд мөргөлдөөний үеэр 80 гаруй хүн амиа алдсан байна. Цус асгаруулсан мөргөлдөөнийг ч үл харгалзан Сирийн эрх баригчдын явуулсан санал асуулгад  14.6 сая сиричүүд 13 мянга гаруй санал хураах цэгт цугларсан гэнэ. Сирийн телевиз, мэдээллийн хэрэгслүүд шинэ үндсэн хуулийн талаар хэлэлцүүлэг явуулж, иргэдэд хэрхэн санал өгөх талаар зааварчилгаа өгчээ. Гэвч Сирийн сөрөг хүчнийхэн эрх баригчдынхаа батлах гэж улайрч буй шинэ үндсэн хуулийг булхай луйвар гэж үзэж, санал хураалтыг жинхэнэ инээдмийн жүжиг гэжээ. Сөрөг хүчин Сирийн эрх баригчид үг хэлэх эрх чөлөөг дээдлэх, тайван жагсаал цуглааныг зөвшөөрч, эрүүдэн шүүхийг хориглох тухай хуучин үндсэн хуулиа дээдлээгүй гэж баталж байгаа юм.

Сирийн эрх баригчдын явуулсан санал хураалтыг олон улсын ажиглагчид ч сайшаахгүй байна. Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет өчигдөр Станбулд хэвлэлийн мэдэгдэл хийхдээ “Сирийн эрх баригчид наанаа санал хураалт явуулж, цаанаа энгийн иргэдийн амьдарч буй хороолол руу гал нээж байна” гэжээ. Харин АНУ уг санал хураалтыг “инээдмийн жүжиг” гэж нэрлэсэн гэнэ. Их Британи дахь Хүний эрхийн төлөө байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр өчигдөр мөргөлдөөний голомт Хомс хотод санал хураах үед болсон эмх замбараагүй байдлын үеэр 24 энгийн иргэн амиа алджээ. Улаан загалмайн байгууллага Хомс хотын Баба Амр дүүргээс иргэдийг дайны хөлөөс холдуулахаар нүүлгэн шилжүүлж буй авч өчигдрийн санал хураалт тэдний ажиллагаанд саад учруулсан аж. Хомс хотод мэргэн буучдын хараан дор амьдарч буй энгийн иргэдийн дунд өрнөдийн сурвалжлагчид бас байгаа гэнэ. Мөргөлдөөний голомт болсон Хомс хотын Баба Амр дүүргийг Сирийн чөлөөлөх армийн хэдэн зуун цэргүүд бүслэн хамгаалж байгаа аж. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардсан бослого хөдөлгөөн 11 сар үргэлжилж байгаа ч эрх баригчид цус асгаруулсан мөргөлдөөнийг арилгаж, гал зогсоох гэж яарахгүй байгаа юм.

Сирид хүчирхийлэл, аллага улам гаарч, амиа алдсан энгийн иргэдийн тоо улам нэмэгдэж буй энэ үед дэлхийн улс орнууд Сирийн эсрэг хоригоо чангатгасаар байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан Сирийн сөргөлдөгч талуудыг зөвшилцөлд хүрч, галаа зогсоохыг уриалсан юм. НҮБ-ын шинжээчдийн мэдэгдсэнээр өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш Сирид 5,400 гаруй хүн амиа алджээ. Харин хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид амиа алдагсдын тоо 7,000 хэдийнэ давсан гэж таамаглаж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж