Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 дугаарт өчигдөр буюу шинийн 4-нд нийт 759 дуудлага иржээ. Үүнд, осол гэмтлийн 88, төрөх 62 болон бусад дуудлагууд ирсэн байна. Дуудлагын дийлэнх хувийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, үүний улмаас архины хордлогод орсон дуудлагууд эзэлж байна. Мөн ахуйн дуудлагууд энгийн үеийнхээс хэт ихэсчээ. Энэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо зодолдож, хүний биед гэмтэл учруулах, хутга мэсээр нэгнээ гэмтээсэн гэх дуудлага зонхилж байна. Мөн өндөр настнуудын даралт ихэссэн, хоолны хордлогод орсон гэх дуудлага ч багагүй байгаа гэнэ.
Одоогийн байдлаар түргэний 26 эмч, 26 машин иргэдэд үйлчилж байна. Сар шинийн баярын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн 103 төвд хандсан иргэдийн дуудлага их байгаатай холбогдуулан оройдоо нэмэлтээр зургаан машин дуудлагад явж байгаа аж.
Д.Жаргалсүрэн