Жендерийн эрх тэгш байдлыг хангах төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Жендерийн эрх тэгш байдлыг хангах төслийг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж  Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл болон дагавар хуулийн төслүүдийг хэлэлцээд 100 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг товч дурдвал жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал эдийн засаг, нийгэм, соёл, улс төр, гэр бүл зэрэг бүхий л салбарыг хамардаг. Гэсэн хэдий ч үндэсний бодлого, хууль тогтоомжид эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломжийг хангах талаар тусгагдсан заалтууд нь ихэвчлэн тунхаглалын шинжтэй, салбар хоорондын нэгдсэн зарчим, үзэл баримтлалд тулгуурласан зохицуулалт хийх механизм сул, түүнчлэн жендэрийн ялгаварлан гадуурхалтын улмаас үүссэн маргаан, гомдлыг хянан шийдвэрлэх журмыг тодорхойлоогүй байгаа нь бие даасан хуулийг боловсруулах шаардлагыг бий болгожээ.

 Мөн хуулийн төслийг дөрвөн парламент дамжуулан хэлэлцэж байгаа аж. Гэхдээ энэ хугацаанд чамбай сайн боловсорсон гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх онцлов.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Сонгуулийн шинэ хуулийн пропорциональ системийн хувь тэнцүүлэх тогтолцоогоор эмэгтэйчүүд УИХ-д сонгогдох магадлал илүү багасахаар харагдаж байгааг хэлсэн. Тиймээс нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдийн квотыг заавал 30 гэхгүйгээр намын нийт авсан саналын 15 хувьд нь жендерийн төлөөлөлтэй байна гэсэн санааг баталгаажуулья гэсэн саналтай байгаагаа энэ үеэр уламжлав.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өнөөдөр төрийн алба, соёл, боловсролын салбарт ажиллагсдын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хуулийн төсөлд хүйсийн төлөөллийн доод хязгаар /квот/ -ыг зөвхөн улс төрийн болон удирдах албан тушаалд тавьсан байна. Боловсролын салбарт квотын асуудлыг тусгаж өгөх шаардлагатай гэсэн саналтай байгаагаа хэлэв.  
Хуулийн төсөлд уг нь төрийн болон төсөвт байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд хүйсийн 40:60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг хүний нөөцийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж