дэлхийг орвонгоор нь өөрчилсөн юм. Энэ Тунхаглалыг “тэнгэрийг анх
дайрсан” францын ард түмний Үндэсний Зохион байгуулах Хурал 1789 оны 8
дугаар сарын 26-нд баталжээ. Анхны төслийг Лафайет зохиож, хэд хоногийн
дараа Сийес өөр нэг төсөл санаачилжээ. Эдгээр төсөл дээр онцгой комисс
ажиллажээ. Ингээд Мирабо-гийн тавьсан илтгэлийн үндсэн дээр баталж,
Үндсэн Хуулийн өмнөтгөл болгожээ. Энд хүний төрөхөөс эхлээд заяагдмал
тэгш эрх, эрх чөлөөний үзэл санааны эхийг тавьжээ. Энэхүү Тунхаглал нь
одоо болтол францын үндсэн хуулийн эрхийн суурь үндэс болдог. Францын
1958, 1971 оны Үндсэн Хуулиудаар энэ Тунхаглалыг хууль зүйн хүчин
төгөлдөр баримт бичиг бөгөөд түүнийг зөрчихийг үндсэн хууль зөрчсөнтэй
адилтган авч үзсэн. 2003 онд ЮНЕСКО-ын “Дэлхийн ой санамж” жагсаалтад
оруулсан байна.
1789 оны 8 дугаар сарын 26-нд Францын Үндэсний Зохион байгуулах Хурлаар батлав.
Үндэсний Хурлыг байгуулсан Францын ард түмний төлөөлөгчид бид хүний
эрхэнд бүдүүлэг хандах буюу түүний үл тоомсорлох явдал нь нийгмийн гай
зовлон, засгийн газрын муу муухайн цорын ганц шалтгаан гэж үзэн, хүний
жам ёсны, салшгүй, ариун эрхийг баяр жавхлантайгаар Тунхаглан зарлах
шийдвэр гаргаж, энэхүү Тунхаглалыг нийгмийн холбооны бүх гишүүдийн
хараан дор байнга байлгах, тэдний эрх хийгээд үүргийг байнга санах, ямар
ч цаг үед хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын үйлдлийг улс төрийн
институт тус бүрийн зорилготой харьцуулан үзэж илүүтэй хүндэтгэн хандаж
байх, эдүүгээгээс эхлэн иргэдийн шаардлага Үндсэн Хууль болон нийтийн
сайн сайхныг сахин мөрдөхөд тэмүүлсэн энгийн хийгээд маргашгүй зарчимд
үндэслэсэн болохыг тунхаглан зарлаж байна. Улмаар Үндэсний Хурал Дээд
Бурхны өмнө болон ивээлийн дор хүний болон иргэний эрхийг мөрдөн сахихаа
хүлээн зөвшөөрч, тунхаглаж байна.
Зүйл 1. Хүмүүс эрх чөлөөтэй, тэгш эрхтэй төрж, амьдарна. Нийгмийн ялгаа нь зөвхөн нийтлэг ашиг тусад үндэслэгдэнэ.
Зүйл 2. Улс төрийн аливаа холбооны зорилго нь хүний жам
ёсны хийгээд салшгүй эрхийг хангах явдал юм. Тэдгээр нь эрх чөлөө, өмч,
аюулгүй байдал, дарлалыг эсэргүүцэх явдал болно.
Зүйл 3. Бие даасан засгийн эх булаг нь үндэстэн болно.
Ямар ч байгууллага, ганц ч хувь хүн үндэстнээс үүдэн гараагүй эрх
мэдлийг эзэмшиж болохгүй.
Зүйл 4. Эрх чөлөө нь бусдад хор хохирол үл учруулах
бүхнийг хийх боломжид оршино: ийм маягаар хүн тус бүрийн жам ёсны эрхийг
хэрэгжүүлэх явдал нь нийгмийн бусад гишүүдийг мөн адил ийм эрхээр
хангах зөвхөн тэр заагаар л хязгаарлагдана. Энэхүү зааг хязгаарыг зөвхөн
хуулиар тогтооно.
Зүйл 5. Хууль нь зөвхөн нийгэмд хортой үйлдлийг л
хориглох эрхтэй. Хуулиар хориглоогүй бүх зүйлийг хийж болно, харин хэн ч
хуулинд заагаагүй зүйлийг албадан хийлгэж болохгүй.
Зүйл 6. Хууль бол нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл
мөн. Түүнийг бүтээхэд бүх иргэд биечлэн буюу өөрийн төлөөлөгчөөрөө
дамжуулан оролцох эрхтэй. Хууль хүнийг хамгаалах буюу шийтгэсэн алин
байлаа ч бүх хүнд адил байх (үйлчлэх-Д.Г) ёстой. Бүх иргэд хуулийн өмнө
тэгш эрхтэй, ийм учраас тэд авъяас чадвартаа нийцсэн бүх алба, нийтийн
албан тушаал, ажил хөдөлмөр эрхлэх тэгш эрхтэй бөгөөд сайн үйл, авъяас
чадвараар нөхцөлдсөнөөс бусад өөр ямар нэг ялгавар гаргах ёсгүй.
Зүйл 7. Хуулинд заасан болон түүнд бичигдсэн хэлбэрээс
өөр тохиолдолд хэнийг ч буруушаах, баривчлах буюу цагдан хорих ёсгүй.
Дур зоргод үндэслэсэн тушаал хүссэн, өгсөн, биелүүлсэн буюу биелүүлэхийг
албадсан тэр хүн ял шийтгэл хүлээх ёстой; гэхдээ хуулийн дагуу
дуудагдсан буюу баривчлагдсан иргэн бүр түүнд үг дуугүй захирагдах
ёстой: эсэргүүцсэн тохиолдолд тэрбээр хариуцлага хүлээнэ.
Зүйл 8. Хууль нь шийтгэлийг зөвхөн нарийн чанд,
маргаангүй зайлшгүй байдлаар тогтоох ёстой; хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн
хийгээд түүнийг нь хууль хэрэглэн, тогтоон зарлахаас өөрөөр шийтгэж
болохгүй.
Зүйл 9. Гэм буруу нь тогтоогдоогүй байгаа хүн бүрийг
гэм буруугүй гэж үзнэ, харин хүнийг баривчлах хэрэгтэй гэж үзсэн үед
зайлшгүй биш, илүү хатуу ширүүн ямар ч арга хэмжээг хуулийн дагуу
хатуугаар таслан зогсоох ёстой.
Зүйл 10. Нийгмийн дэг журам, тогтоосон хууль
зөрчилгүйгээр илэрхийлсэн нөхцөлд хэнийг ч үзэл бодол, тэр ч
байтугай шашны үзэл бодлынх нь төлөө хавчин хяхаж болохгүй.
Зүйл 11. Сэтгэл санаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
нь хүний хамгийн үнэ цэнэтэй эрхийн нэг болно; иймээс иргэн бүр үгээ
чөлөөтэй хэлж, бичиж, хэвлэж болох ба гагцхүү энэхүү эрх чөлөөгөө
хуулинд заасан хортойгоор ашигласан тохиолдлыг л хариуцана.
Зүйл 12. Хүний болон иргэний эрхийг баталгаажуулахад
төрийн хүч (өөр нэг хувилбарт зэвсэгт хүчин гэсан байна-Д.Г) хэрэгтэй;
түүнийг удирдлагыг нь итгэж хүлээлгэсэн хүний хувийн ашиг тусад биш,
нийтийн ашиг сонирхлын тулд л байгуулна.
Зүйл 13. Зэвсэгт хүчнийг байлгах, удирдлагын зардалд
нийтлэг татвар зайлшгүй; тэр нь боломжийг нь харгалзан нийт иргэдийн
дунд жигд хуваарилагдсан байх ёстой.
Зүйл 14. Бүх иргэд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан
төрийн зайлшгүй татварыг тогтоох, түүнийг хураалтыг сайн дураараа
зөвшөөрөх, түүний зарцуулалтыг сонирхон ажиглах, түүний хувь хэмжээ,
хураах үндэслэл, дэг журам, үргэлжлэх хугацааг тогтоох эрхтэй.
Зүйл 15. Нийгэм дурын албан тушаалтнаас түүний үйл ажиллагааны тайланг шаардах эрхтэй.
Зүйл 16. Эрхийн баталгааг хангаагүй хийгээд засаглалыг зааглаагүй (хуваагаагүй – Д.Г.) нийгэм Үндсэн Хуульгүй нийгэм болно.
Зүйл 17. Өмч бол халдашгүй дархан, ариун нандин эрх
болох учраас хуулиар тогтоосон нийгмийн илт шаардлага, шударга ба
урьдчилсан нөхөн олговор олгох нөхцлөөс өөр тохиолдолд хэний ч өмчид
халдаж болохгүй.
Орос хэлнээс орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2012 оны 2 дугаар сарын 22.