Ардчилсан намын бүлэг ажилдаа марш

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг ажилдаа марш

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд буй ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг ирэх долоо хоногоос ээлжит бус чуулганд бэлтгэн ажилдаа орохоор шийджээ. Тус намын бүлэг ирэх даваа гаригт буюу энэ сарын 27-нд ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Нэгдүгээрх нь, Иргэний цахим үнэмлэхийн олголтын ажлын явц байдлын талаар холбогдох газруудын албаны хүмүүсээс мэдээлэл сонсоно. Хоёр дахь асуудал нь Хурууны хээ таних төхөөрөмжийн худалдан авалтын ажлын явц байдлын тухай аж.

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар автомат машин ашиглан санал хураалтыг тоолохоор болж шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр, сонгогч саналаа хоёр удаа өгдөг, өөр хүний оронд санал өгч дүнг будилуулдаг гэх мэтчлэн маш олон маргаантай асуудлууд өнгөрсөн сонгуулийн үеэр гарч байсан тул тэр бүгдийг цэгцлэх зорилгоор хурууны хээ таних төхөөрөмжийг мөн сонгуульд ашиглахаар болж шийдвэрлэсэн билээ. Тиймээс иргэний цахим үнэмлэхийг олгох ажил хийгээд, хурууны хээ таних төхөөрөмжийн худалдан авалт ямар шатанд явааг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ удаад сонсохоор шийджээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг даваа гаригт хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ ээлжит бус чуулганыг тулгаж байж олонхийн бүлгийн гишүүд цуглаж мэдэх талтай гэх мэдээлэл ч бас бий юм.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гаргасан захирамжаар ээлжит бус чуулганыг ирэх гуравдугаар сарын 5-9-ний хооронд зарлан хуралдуулахаар болоод буй. Тус хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлах шаардлагатай байгаагийн зэрэгцээ Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээд байгаа. Уг нь намрын чуулганыг хаахын өмнө Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг чуулганаар хийн батлах ёстой байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг дээрх төслийн өмнө хэлэлцэгдэх байсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслүүд дээр завсарлага авах болсноо мэдэгдсэнээр эдгээр асуудлыг нэгмөр шийдвэрлэж чадалгүй намрын чуулганыг хаасан юм.

Тиймээс тун удахгүй зарлагдах ээлжит бус чуулган хугацааны хувьд давчуу ердөө тав хоногийн хугацаанд болохоор товлогдсон ч, хэлэлцэгдэх асуудал нь нэлээд ээдрээтэй хоёр намын бүлгийн хувьд ойлголцол шаардах төслүүд байгаа тул тав хоногийг сунгаж мэдэх талтайг ч улстөрчид анхааруулсаар байна. Хоёр намын бүлгийн хувьд зөвшилцөл зайлшгүй шаардаж буй хуулийн төсөлд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл багтаж буй юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн санаачилсан дээрх төсөлд Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган зохион байгуулахаар заасан бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд Орон нутгийн сонгуулийг намар аравдугаар сард хийхээр тусгаад байгаа билээ.

Нэг үгээр хэлбэл, УИХ энэ удаад зарлагдах ээлжит бус чуулганаар гол зангилаа болох хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулах уу, эсвэл тусад нь хийх үү гэдэг шийдлийг гаргах учиртай. Одоогоос дөрвөн жилийн өмнө баталсан хуулиар бол Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийхээр зааж өгсөн. Гэвч Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг батлахдаа сонгуулийг можаритор давамгайлсан пропорцианаль тогтолцоогоор хийхээр болж заасны зэрэгцээ санал хураалтыг автомат машинаар уншуулж дүнг гаргахаар болсон зэргээс хамааралтайгаар олонхийн бүлэг “Хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулах нь зүйтэй. Нэгэн зэрэг зохион байгуулах туршлага хараахан бүрдээгүй байна, дээр нь нүсэрдэнэ. Сонгогчдын хувьд ч саналаа өгөхөд бэрхшээлтэй тулахын зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хорооны хувьд ч хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулахад төвөгтэй байдал үүснэ” хэмээн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн оролцоо жилээс жилд буурч байгаа тул хамгийн идэвхитэй оролцдог УИХ-ын сонгуулийн үеэр хамтад нь зохион байгуулаад саналыг авах нь сонгогчдын ирц өндөр байхын зэрэгцээ хөрөнгө мөнгө хэмнэнэ. Нөгөөтэйгүүр, орон нутгийн удирдлагыг сонгох сонголт шударга болно гэж үзэж буй юм.

Тиймээс ээлжит бус чуулганаас гарах хамгийн том шийдэл нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль болоод байна.

Харин Монгол Улсын 2012 оны төсвийн тодотгол болон Шүүхийн тухай багц хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлэгт хүрсэн тул батлагдах нь тодорхой гэсэн мессежийг эрхэм гишүүд өгч буй.

Г.Дарь  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж