Улаан загалмай Сирид тусалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Улаан загалмай Сирид тусалж эхэллээ

Улаан загалмайн байгууллага Сирийн Хомс хотоос эмэгтэйчүүд, хүүхэд болон шархадсан хүмүүсийг гаргаж эхэлсэн тухай ВВС мэдээлэв.

Сирийн Улаан хавирган сар байгууллагын эмнэлгийн машинууд ширүүн тулаан болж байсан Баба Амр дүүргээс иргэдийг зөөж эхлээд байна. Шархадсан сэтгүүлчид эмнэлгийн тусламж хүлээсэн хүмүүс дунд байсан гэсэн мэдээ байгаа ч Улаан загалмайн олон улсын зөвлөл энэ мэдээг тодруулж амжаагүй байгаа юм.

Тунист 70 орны төлөөлөгчид цугласан "Friends of Syria" бага хурлын үеэр Сирийн эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэх, Сирийн Засгийн газрыг хүчирхийллээ зогсоох тунхаг бичиг баталлаа. Тунхаг бичигт Сирийн аялал жуулчлалыг хориглох, банкны активийг царцаах, газрын тос худалдаалахгүй байх, дипломат харилцааг багасгах болон зэр зэвсгийн тээвэрлэлтийг хориглох зэрэг хориг арга хэмжээг авах талаар бичжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ хүмүүнлэгийн ийм эмгэнэлт явдлын хариуцлагыг Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон түүний хамгаалалтын хүчин хариуцах ёстой гээд хамгийн их зовж шаналж байгаа хүмүүсийг тусламж авахад саад болох бүх юмыг хийж байгаа энэ дэглэмийг тэрээр буруутгасан юм.

Мөн Х.Клинтон ОХУ болон Хятадыг энэ бага хуралд ирээгүйд дургүйцсэн бөгөөд Асадын дэглэмийн эсрэг үйл ажиллагаа явуулахад ОХУ болон Хятадаас бусад улсууд дэлхий даяараа дэмжиж байна гэж нэмж хэллээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж