Хар усан луу жил хийгээд бидний амьдрал

Хуучирсан мэдээ: 2012.02.24-нд нийтлэгдсэн

Хар усан луу жил хийгээд бидний амьдрал

Билгийн тооллын XYII жарны Баясгалан хэмээх хар усан луу жил гарлаа. Зурхайн ном судруудад морилон ирсэн усан луу жилд ард олон өег цатгалан, таван хошуу малын ашиг шим арвижин, өвчин зовлонгүй, аливаа хүссэн сайн үйлс биелэн амгалантай байна хэмээжээ.

Жил хийгээд сар бүрийн эхний хагаст хур сайтай. Хавар, намартаа цас, мөндөртэй. Жилийн дундуур өвс ногоо сайн ургаж, тариа, төмс сайн авна. Жилийн эцсээр өвс сайтай боловч харьцангуй салхитай жил болно гэж зурхайн тольд буусан байна.

Эндээс харвал сэтгэлдээ өөдрөг гэгээтэйг бодож, ажил хөдөлмөрт шамдвал ургац сайн хурааж, мал сүрэг тарга тэвээрэг авч монголчууд даяараа гар хөдөлбөл ам тосдохын буяныг үзэх нь ээ.

Хар усан луу жилд дэлхийн хийгээд Монголын түүхэнд сонин содон үйл явдал элбэг тохионо. Хангирч одсон туулай жилд шил дарсан Монголын түүхийн тэгш олон ой 2012 онд ч үргэлжилж  эзэн богд Чингис хааны сүүдэр тухайлсны 850 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Хагас зууны тэртээ Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэсний төлөө МАХН-ын Төв хорооны гишүүн С.Төмөр-Очир тэргүүтэй нам, төрийн зүтгэлтнүүд албан тушаалаасаа бууж, хөдөө гадаа цөлөгдөж байсантай зэрэгцүүлбэл ардчилсан шинэ нийгмийн үе тул эзэн богдынхоо ойг амар амгалан тэмдэглэхийн нигуур бүрдэн их ёслолоо үйлдэх гэж байна. Эрдэмтэд хэлэлцээд өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Тэмүүжин мэндэлсэн гэдэг дээр тогтжээ. Аргын тооллоор энэ оны арваннэгдүгээр сарын 14-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож, тэр үеэр Богд Чингисийнхээ 850 жилийн ойг тэгш дүүрэн, төгөлдөр их бэлгэдлээр тэмдэглэх бололтой.

Усан луу жилд УИХ, орон нутгийн сонгуулиуд болно. Төрөө засч, парламентаа шинэчлэх, орон нутгийн засаг захиргаагаа шинээр бүрдүүлэх сонгуулийн эрх мэдлийг нийт сонгогчид дөрвөн жилд нэг л өдөр, ганцхан хором  эдэлдэг. “Ёстой буруу хүн сонгочихож. Сайхан юм ярьсанд нь хууртаад таньсангүй. Бахь байдаг 76 ямаагаа дээрээ залчихлаа” гэж дахин дөрвөн жил шороо самардаж шогшрохгүйн тулд тэр ганц хоромдоо л мэргэн сонголт хийдэг юм шүү  сонгогчид минь.  Таны үзэгний хошуу хаашаа эргэснээс шударга засаглал Монголд тогтох эсэх шалтгаална. Орон нутгийн сонгуулиар иргэд өөртөө хамгийн ойр засаглалаа сонгоно. Аягүй бол УИХ, орон нутгийн сонгууль хамтдаа болох тул хичээхийн дээдээр хичээж “долоо бодож нэг дугуйлахгүй” бол дөрвөн жил дээдэх хэдээ харааж ерөөх их нүгэл, өөрийн ахуй амьдрал ч дороо хий эргэх зовлон ирнэ гэдгийг санууштай.

Баясгалан хэмээх хар усан луу жилийн шороон үхрийн шинжид ард зон хямралдан дээдэстэй тэмцэхийн нигууртай гэжээ. Сонгуулийн өмнө иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал цуглаан ширүүсэх нь гарцаагүй. Сиймхийг ашиглаад РR хийхээ тэд нэг юм мэдэлгүй дээ. Түрүүчээсээ багш нар гурван сард үргэлжлүүлэн жагсана цуглана гэдгээ зарлаад байсан. Тэртэй тэргүй гуравдугаар сарын 5-наас УИХ-ын ээлжит бус чуулган болж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх тухай хэлэлцэх тул тэр жагсаал бэлгэдлийн шинжтэй л өнгөрөх байх.

Харин сонгуулийн будилаан гаргаж ард олноо тэмцэл хөдөлгөөний хөлд чирч үрэхгүй байхыг эрхэм улстөрчдөөс гуймаар байна. Цахим үнэмлэхээр автомат машинд санал өгүүлнэ гэж сонгогчдоо туулай жилээс өгсүүлэн сэнхрүүлсэн ч мөнөөх эзнээ бусдын өмнө товхийтэл танилцуулах ухаантай үнэмлэх хэзээ гар дээр ирэх нь сураггүй л байна. Энэ мэт яарч түргэлэх ажил улстөрчдийн өмнө бишгүй л гарч ирэх бололтой. Хаа очиж Сонгуулийн хуулиар наадам цэнгэл, дайллага цайллага, бэлэг сэлт хорьсон тул эрхэм гишүүдийн урилга заллагад дарагдалгүй хэдэн хөгшид гэр гэртээ сэтгэл хоёрдолгүй сайхан шинэллээ.

Хөдөө малчны хотонд луу жилийн ууган төлийн дуу цангинаж эхэллээ. Монголын мал сүрэг улам өсч, буянд нь нийслэлийн иргэд луу жилдээ хямд үнэтэй мах, сүүнд умбах болтугай.

Монгол газар сар шинийн эхээр иймэрхүү сонинтой бол хойд хөрш ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль хариугүй дөхөж байна. Мартын наймнаас дөрөв хоногийн наана ОХУ төрийн тэргүүнээ сонгох тул нохойн дуу гадаа орсон гэсэн үг. Үндсэндээ Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд В.Путин хоёр байраа солино гэж ажиглагчид хэлж буй. Тийм шинж бүрдсэн хэдий ч Орост иргэний хөдөлгөөнүүд хүчээ авч “Путингүй Оросын төлөө” тэмцлийг энд тэндгүй өрнүүлээд буй нь коммунист хэлбэрийн хөшүүн тогтолцооноосоо хойд хөршийн иргэд салахыг хүсч байгаагийн шинж гэлтэй. Яахыг хэдхэн хоногийн дараа бид үзнэ.

АНУ-д бас сонгууль болно. Б.Обамаг дахин сонгох эсэхийг одооноос тааж хэлэхэд хэцүү ч Иракаас цэргээ татах, үгүй ядахдаа олны дунд орж дуу дуулах, тэргүүн хатагтай М.Обама шуудайд  хөлөө хийн хүүхдүүдтэй уралдах зэргээр өнөөгийн Ерөнхийлөгч иргэдээсээ оноо цуглуулах арга хэмжээ авсаар байна. Манайд бол тэргүүн хатагтай шуудай углаад дэвхэрч явбал улсын наадмын сонин сайхнаас илүү удаан амьтны амны зугаа болж эр нөхрийн нэр хүнд тээр доошоо орох биз. ОХУ, АНУ-ын байдал хаашаа эргэх нь дэлхийн улс төр, эдийн засгийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх нь гарцаагүй тул Төрийн тэргүүн нь хэн болохыг даяараа хүлээн харж байгаа юм.

Удирдагч нь таалал төгссөн Хойд Солонгост дэглэм зөөлрөх эсэхийг дэлхий нийтээрээ харж байгаа. Залуу удирдагч Ким Чен Уныг “Бээжинд алагдлаа” гэсэн бэлгэгүй үг тарсан ч азаар худлаа болж таарав. Гадаадад боловсрол эзэмшсэн шинэ цагийн залуу хүн тул улс орноо ганцаардлаас аварч хамтын нийгэмлэгт нэгтгэнэ гэж даяараа Ким Чен Уныг горьдлого тээн харж байгаа. Евро бүсийн эдийн засаг, санхүүгийн хямрал эмх цэгцэндээ орно гэдгийг бас дэлхий нийтээрээ хүлээж байна.

Дэлхийн спортын их наадам зуны олимп энэ удаа Английн Лондон хотод болж, тив тивийн хүн зоны анхаарал тэр зүгт хандана. Олимпийн XXX наадам, Лондоны зуны олимп ирэх долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-нд Их Британийн нийслэлд зохион байгуулагдах гэж байна. Бээжингийн 2008 оны алт, мөнгөн медалиудын буухиаг Монголын тамирчид таслалгүй залгамжлах болтугай гэж шүтэн бишрэгчид нь одооноос ерөөж буй.

Эцэст нь муу гэмээр ч хараахан батлагдаагүй нэгэн үйл явдлын нууцыг хар усан луу жил ирэх өвөл тайлна. Эртний Маяачуудын хуанли 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусч, дэлхий сөнөнө гэсэн цуу нэлээд дээрээс тарсан. Тааруугаар бодвол ес эхлэхийн урьд шөнө манай дэлхий таалал төгсөх нь л дээ.

Тэгвэл Буддын шашны үүднээс авч үзвэл энэ үед дэлхий ертөнц сансрын уудмын Бумбын оддын ордод бүрэн шилжин, Бурхан Бумбын оронд хэдэн зуунаар саатах шинэ “гэртээ” орох ажээ. Лавтайяа 20 гаруй жил үргэлжилсэн шилжилтийн дараа манай дэлхий шинэ гэртээ саатан буух юм гэсэн. Үлгэр туульст “Бур бур бороотой, Сэр сэр салхитай бурхан Бумбын оронд жарган суув аа” гэж гардаг нь энэхүү Бумбын ордод дэлхий шилжихийг бэлгэдсэн гэдэг. Муу бүхэн арилж оюун ухаан хүн төрөлхтнийг жолоодох сайн цаг үүгээр ирнэ гэж гадна дотнын зурхайч, одон орон судлаачид хэлж буй. Хэрэв тийм бол оюун ухаанаа хурцалж, сэтгэлдээ хиргүй, хэл яриандаа сэвгүй байваас Бумбын орд өндөр үүдээ сөхөн их гэртээ саадгүй угтан залах юм гэсэн шүү.

Иймэрхүү сонин  хачинтайгаар луу жил морилон ирлээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж