Нью-Йорк дахь “Sotheby” компани нэрт зураач Эдвард Мункийн “Хашхираан” зургийг ирэх хавар дуудлагаар худалдах болжээ. Норвегийн уран зураачид алдар хүнд авчирсан тус зургийг 80 орчим сая ам.долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байна. 1895 онд бүтээгдсэн тус зургийн нийт дөрвөн хувилбар байдаг гэнэ. Харин дуудлагаар худалдах гэж буй зургийн тухайд хувийн эзэмшилд байдаг цорын ганц хувилбар бөгөөд эзэн нь Норвегийн бизнесмэн Петтер Олсен гэгч ажээ. Бусад гурван хувилбар нь Осло хотын Үндэсний музей болон Мункийн нэрэмжит музейн мэдэлд байдаг гэнэ.
“Sotheby” Лондон хотноо дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн “Хашхираан” зурагт үнэ хаялцуулж эхлэх бөгөөд дөрөвдүгээр сарын 27-нд Нью-Йоркт худалдах аж. Тус зураг нь гар хийцийн жаазтай, мөн зургийн утга агуулгыг тайлбарласан Мункийн шүлгийн хамт худалдах юм байна.
Т.Маша