Шинийн 15-нд багтаан тухайн жилийнхээ засал номыг айлтгуулбал хийсэн буян хэдэн түмээр үрждэг гэх тул ийнхүү шинийн 3-наас орон хийдүүд сүсэгтний хөлд дарагдаж эхлээд байна. Бурхан багш хаврын тэргүүн сарын 1-15-нд рид хувилгаан дүр үзүүлэн тэрсүүдийн мунхгуудыг дарсан хэмээдэг тул ийнхүү эдгээр өдрүүдэд сүсэгтнүүд ном буяны үйлд шамддаг ёстой.
Өнгөрсөн туулай жилд Гандантэгчинлэн хийдэд Манзушир бурхныг бүтээн залсан. Жанрайсиг бурхныг бүтээн залаад 20 шахам жил болсон бол Богд Очирваань бурхныг жил гаруйн өмнө шүншиглэн залсан билээ. Ингэснээр Гандантэгчинлэн хийдийн өндөр Жанрайсигийн дуганд язгуурын гурван бурхан гэгдэх Жанрайсиг, Очирваань, Манзушир бурхдыг гурвууланг иж бүрнээр залсны анхны сар шинийн баяр тул сүсэгтнүүд улам олноор тус хийдийг зорьж байна.
Жанрайсиг бурхан энэрэн нигүүлсэхийн их утгыг агуулдаг бол Очирваань бурхан Монголын төрийн бат бэхийг бэлгэдэж, Манзушир бурхан оюун ухаан саруул тунгалаг байхыг эрхшээдэг. Мөн Жанрайсигийн дуганд эх үрсийг ивээгч Бүжинлхам бурхан залардаг юм.