Сирийн асуудлаар дэлхийн бага хурал хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.02.24-нд нийтлэгдсэн

Сирийн асуудлаар дэлхийн бага хурал хуралдана

Сирид үүсээд буй үймээн самуун, бослогын улмаас дэлхийн бага хурал Тунист яаралтай хуралдах болсон байна. Өдгөө дэлхийн халуун цэг болоод буй Сирийн асуудлаар АНУ болон Европ, Арабын орнууд чуулж, тус улсад энх тайван тогтоохыг ерөнхийлөгч Башар аль-Ассадад уриалах аж. Хомс хотод үргэлжилж буй бослого, үймээн улам бүр газар авч, гаарч буйн улмаас олон зуун хүн амиа алдаад буй билээ. Сүүлийн мэдээгээр үймээний улмаас өчигдөр 50-60 хүн амь үрэгдсэн гэнэ.

Араб лигээс Тунист зохион байгуулах уулзалт “Friends of Syria” нэрийн дор болох юм. Харин үүнд ОХУ болон БНХАУ оролцохгүй гэнэ. Сирид энх тайван тогтоохын тулд ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцруулж, бүх нийтийн чөлөөт сонгууль явуулах саналыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан ч дээрх хоёр орны зүгээс хориг тавьснаар ОХУ ба Хятад барууны болон Арабын орнуудаас ихээхэн шүүмжлэл хүлээж буй билээ. “Friends of Syria” уулзалтад АНУ, Их Британи, Франц, Турк зэрэг 70-аад орон оролцох юм байна. Уулзалтаас Сирийн асуудлаар тунхаг бичиг гаргаж, хүний эрхийг зөрчсөн үймээн самууныг нэн даруй намжаахыг шаардах гэнэ.

Уулзалтын өмнө НҮБ болон Араб лигийн зүгээс Кофи Аннаныг Сири дэх элчээр сонгосон байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцрохыг шаардсан босогчдын тайван жагсаал, цуглаанаар эхэлсэн хөдөлгөөн одоо эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй цус асгаруулсан тулаан болжээ. Олон улсын ажиглагчид ердөө ганцхан сарын өмнө “иргэний дайны ирмэгт тулж ирсэн” хэмээн бичиж байсан бол одоо энэ улс орон хэдийнэ дайны талбар болоод байгаа юм. Засгийн газрын цэргүүд сөрөг хүчний бүлэглэлүүд болон босогчдын байрлаж буй газар руу тасралтгүй гал нээж байгаагаас хүчирхийлэл, аллага улам гаарч, хэдэн зуун хүн амиа алджээ. Улайрсан тэмцлийн дунд хамгийн их хохирч буй нь дайныг хүсээгүй энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд. Сирид ажиллаж буй гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдийн бичиж буйгаар дайны хөлд нэрвэгдэж, тэсрэх бөмбөгт өртөн хөл, гаргүй  болсон нялх хүүхдүүд, үр хүүхдээ алдсан эмэгтэйчүүд эмнэлгээр дүүрэн, тэд хэнээс тусламж хүсэхээ ч мэдэхгүй байгаа гэнэ. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болсон тэд энэ бүх гай гамшигт Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг буруутган, хараан зүхэж байгаа аж.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж