Үнийн хөөрөгдөл цахилгааны үнэд халдварлав

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Үнийн хөөрөгдөл цахилгааны үнэд халдварлав

Сар шинэ болохыг угтуулан наймаачид сарын өмнөөс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хөөрөгдөн хэтэвчээ зузаалж амжсан бол Сонгинохайрхан дүүргийн цахилгаан дамжуулах түгээх газар мөн л цагаан сарын “сюрприз” болгож хэрэглэгчдээ үнэ өндөртэй цахилгаан нийлүүлж, чирэгдүүлдэг юм байна. Тодруулж хэлбэл энэхүү хярд гарсан үнэтэй цахилгааныг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны 4-35 тоотод оршин суух иргэн Г-гийнх хүртлээ.

Гэр хороололд амьдардаг тэдний цахилгааны төлбөр өвлийн улиралд сард 20 мянга орчим л гардаг байв. Хоёр настан амьдардаг болохоор нэг их цахилгаан хэрэгсэл ашиглаад байдаггүй. Өвлийн сууцаа пийшингээр халаана. Зарим хүн тэдний цахилгааны төлбөрийг өндөр гарч байна л гэнэ, гол нь хэрэглээ нь бага учраас ингэж хэлдэг хэрэг л дээ. Гэвч тэд өндөр настай, хөл муутай тул дүүргийнхээ Цахилгаан дамжуулах түгээх газраар явж гомдол санал тавьж чадахгүй явсаар өдийг хүргэсэн юм. Харин өнгөрсөн долоо хоногт хоёрдугаар сарынхаа цахилгааны төлбөрийг хийхээр очтол 20 мянган төгрөг нь хүрсэнгүй гэнэ. Учир нь цахилгааны төлбөр нь 43420 мянган төгрөг гарсан байв. Өмнө гардаг байсан цахилгааны төлбөрөөс даруй хоёр дахин өндөр төлбөр гарсан байсан тул гэрийн эзэн золтой л уначихаагүй гэдэг. Тасалбар дээр бичигдсэн квт-ыг  харвал өмнөх саруудад бичигддэгээс даруй 500 гаруй квт цахилгаан илүү гарсан байж. Кассчингаас зарим нэг зүйлийг тодруулах гэсэн авч “Би мэдэхгүй, гарсан квт-ынх нь дагуу л төлбөрөө нэхэмжилж байна” гэсэн тул яах ч арга байсангүй. Аргаа бараад дүүргийнхээ Цахилгаан түгээх газарт очиж, учрыг нь магадлах гэсэн боловч, сар шинэ дөхсөн байсан тул холбогдох хүмүүс нь ажлын байрандаа байсангүй мухарджээ.

Сар тутамд цахилгааны төлбөрөө төлөхгүй бол гэрэл тасалж чангалдаг тул арга буюу 43420 төгрөгөө төлөхөөс өөр арга байсангүй,  сар шинээр хэрэглэхээр төлөвлөсөн  төсвөөсөө танаж, дахин 23420 төгрөг нэмж байж, төлбөрөө төлж сар шинээр цахилгаантай суужээ.  Ингэхгүй бол хаяа хамрын Доржийнхоос эхлээд цахилгаанаа таслуулж, хөргөгч, хөлдөөгчин дэх мах, сүүгээ муутгуулж хаширсан өрх мэр сэр байх тул ах дүүсээ сар шинээр ирэхэд муудсан салат өгөлтэй биш дээ, арга буюу гарсан хэмжээгээр нь төлбөрөө төлөхөөс өөр арга байгаагүй гэсэн. Дээр нь цахилгаан тасарсан нөхцөлд дуудлага бичүүлэхээс эхлээд асар их ажилтай. Дуудлага бичүүллээ, араас нь өдрийн турш нэхэл дагал болно. Монтер хүрэлцэхгүй байна гээд, хүн явуулсан ч юм шиг, явуулаагүй ч юм шиг таг чиг болно. Нэг өдрийн турш хөөцөлдөж байж ирвэл зол л гэсэн үг. Тиймээс арга буюу төлбөрөө төлжээ. Харин цахилгааны төлбөрөө хийхээр хэсэг хугацаанд зогсоход л ганц иргэн Г-гийнхээр хязгаарлахгүй хоёр ч иргэн “Яагаад манай хоёрдугаар сарын цахилгааны төлбөр өндөр гарчих вэ. Арай ч дээ, энэ чинь юу болоод байна. Одоо байтлаасаа сар шинээр далимдуулж цахилгааны үнийг бас хөөрөгддөг болоо юу” гэх гомдлыг Баянхошууны Тойргийн  буудалд байрлах цахилгааны төлбөр хүлээн авдаг кассчинд тавьсан байна. Ингээд бодохоор нэлээд хэдэн өрхийн цахилгаанд сар шинийн үнийн хөөрөгдөл нөлөөлчихсөн юм биш байгаа гэж хардахад хүргэж буй тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан ирэх долоо хоногоос энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол олон иргэн өөрийн хэрэглээнээсээ хоёр дахин өндөр үнэтэй цахилгаан хэрэглэж, сар тутамд чирэгдсээр байх төлөвтэй тул шалгаж нягтлаасай хэмээн иргэд хүсч буйг энэ дашрамд сануулъя. Мөн нэг зүйлийг сануулахад, иргэдийн хувьд бас нэг хардалт байна.  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэрээ, өвлийн сууцаа дулаалсан, утааг бууруулах зориулалттай зуух, халаагуур ашиглаж байгаа иргэдийн шөнийн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Ингэснээр улсын төсвөөс чамгүй их хэмжээний санхүүжилт шаардаж байгаа.  Харин тэрхүү санхүүжилтыг гаргахын тулд мөрөөрөө амьдарч байгаа иргэдийнхээ цахилгааны төлбөрийг өндөр бичиж, чирэгдүүлж буй юм биш биз гэснийг бас анхааруулъя. Монголын төр арай ч ийм луйвар хийхгүй байлгүй дээ гэж найдая. Бас нэг хар байгаа нь дүүргүүд төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд хэрэглэгчдийг хэрэглэсэн квт-аас нь илүү бичилт хийж, хүн бүл муутай хөөцөлдөх хүнгүй иргэдийг чирэгдүүлж байна уу гэж болгоомжилж буйгаа ч бас хэлье.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж