Ука: “Би ингээд цомогтой боллоо гэж үү” гээд хашгирсан

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Ука: “Би ингээд цомогтой боллоо гэж үү” гээд хашгирсан

“Киви”
хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука өнөөдөр  “Чингис зочид
буудал”-д “I’m in Love” нэртэй бие даасан анхны цомгийнхоо нээлтийг
хийсэн юм. Нээлтэд тус хамтлагийн продюсер Б.Ангирмаа, хамтлагийн гишүүн
Ц.Намуунаа, “Просаундс” студийн хөгжмийн найруулагч Рагу, “Нэгүүн”
студийн захирал Оки нар хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр дуучин Укатай
ярилцлаа.

-Бие даасан анхны цомгоо өлгийдөн авсанд баяр хүргэе?
-Баярлалаа.
Энэ цомгийг би олон сар хүлээсэн. Хэдхэн хоногийн өмнө хэвлэлтээс
ирэхэд нь “Би ингээд цомогтой боллоо гэж үү” гээд хашгирсан. Ээж маань
“Хүүе чимээгүй бай” гээд л. Бүр биеэ барьж чадахгүй байгаа юм чинь. Ямар
сайндаа багшийгаа (Б.Ангирмаа) тэврээд таван минут хэртэй уйлсан. Энэ
цомог бий болоход надад байнга тусалдаг багшдаа маш их баярласан. 
-Цомогт багтсан дуунууд тань хамтлагаараа дуулсан дуунаас тань хэр өөр сонсогдох бол?
-Үг,
ая, хөгжмийн найруулгыг нь эс тооцвол ерөнхийдөө өөрчлөгдсөн зүйл
байхгүй. Хамтлагаараа дуулсан Укаг энэ цомгоос ч сонсож болно.
-Цомгийнхоо зураг авалтыг Франц улсад хийсэн гэсэн. Тэнд хэд хонов?
-Долоо
хоносон. Гурван өдөр нь зураг авалт, дөрвөн өдөр нь аяллын шугамаар
өнгөрүүлсэн. Гудамжаар зураг авалтаа үргэлжлүүлээд янз бүрийн өнгө,
загварын хувцастай явахад улс бүрээс ирсэн аялагчид надаас “Чи аль
улсаас ирсэн дуучин бэ” гэж асуусан. Би “Монгол” гээд нэг л бардам
хэлэхэд сайхан санагдсан шүү. Хамт явж байсан хүмүүс надаар бага ч гэсэн
бахархсан байх. 
-Франц улс ямар санагдав?
-Анх
удаа очиж байгаа болоод ч тэр үү, бурхан минь үгээр хэлэхийн аргагүй
сайхан санагдсан. Тэр тусмаа эмэгтэй хүн дэлхийд алдартай агентлагаар
өөрийнхөө стил, имижийг бүрдүүлүүлнэ гэдэг том аз, завшаан юм. Тэндээс
би өөрийнхөө хэв маягийг олсон.
-Тэгвэл стилээ өөрчлөх бодол байгаа юм аа даа?
-Магадгүй. Гэхдээ багш, хамтран ажилладаг хүмүүстэйгээ ярилцаж байгаад болно доо.
-Та ихэвчлэн шар үстэй байдаг. Шинэ клипдээ хар үстэй харагдсан. Энэ бас л сонин санагдуулсан байх даа?
-Тийм
шүү. Хамгийн түрүүнд хар үс надад зохих юм байна гэж бодогдсон. Гэхдээ
би үсээ шараар будах дуртай болохоор дахиад шараар будуулаад
ирсэн.      
-Ганцаараа дуулахаар ямар санагддаг юм байна?
-Хамтлагийнхныгаа
их санасан. Бас ганцаардсан. Нэг клипний зураг авалт эхэлсэн ч би л
бүгдийг хийх шаардлагатай болоод надаас өөр хүн байхгүй юм шиг
санагдсан. Студид дуу бичүүлэхэд хүртэл. 
-Цомгийнхоо баярыг хэзээ хийх вэ?
-Цаг
агаар жаахан дулаарахаар хийх бодолтой байгаа. Гадаа талбайд
үзэгчидтэйгээ хийх төлөвлөгөөтэй байгаа учир дулаарахыг л хүлээж байна
даа.  
-Энэ онд бие даасан тоглолтоо хийнэ гэж байсан. Өдрөө товлосон уу?
-Энэ
жил манай хамтлагийн таван жилийн ой болж байгаа шүү дээ. Ойдоо зориулж
ирэх арванхоёрдугаар сард хамтлагаараа тоглолтоо хийнэ. Харин
ганцаарчилж тоглохгүй ээ.
-Аль нэг хамтлагийн дуучин ганцаарчилж дуулахаараа хамтлагаасаа урвадаг. Уншигчид ч таныг ингэж бодож байгаа байх?
-Хамтлагаа
хамт байхын нэр гэж боддоггүй зарим хүн тийм үйлдэл гаргаснаар
хүмүүсийг ийм асуултад хүргэдэг нь үнэн л дээ. Гэхдээ миний хувьд
урвахгүй ээ. Манай хамтлагийн шинэ цомгийн ажил эхэлсэн байгаа. Өөрийн
цомгоо амжуулсан юм чинь одоо хамтлагийнхаа цомгийг өлгийдөхөөр яарч
байна даа.
        

Э.Болоржин
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж