Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Монголын Маршал

1911 оны үндэсний хувьсгалын дараа
Монгол Улсын цэргийн хууль дүрэм гарган цэргийн зэрэг дэвийг тогтоожээ.
Бүх цэргийн ялгах тэмдгийг дөрвөн зэрэг болгож, үүнд нэгдүгээр зэрэг нь
энгэрийн төвд “ум“ үсэгтэй алтадсан нацагдорж, ар талд нь “хум“ үсэгтэй
алтадсан хүрдэн, баруун мөрөн дээрээ шар, зүүн мөрөн дээрээ улаан өнгийн
дэвсгэр дээр шармал өнгөөр “ум аа хум суухаа” гэсэн үг хадах, хоёр,
гурав, дөрөвдүгээр зэрэг нь эдгээр үг тарнийг адилаар хадах боловч
дэвсгэр өнгө ба үсгийн өнгийг ялгавартай байхаар заажээ.

Тэргүүн зэргийг цэргийн жанжин сайд,
хорооны дарга, жагсаалын түшмэд албан тушаалынхаа зэрэг дэвээр хэрэглэж
байв Түүнчлэн цэргийн анги салбарын дугаарыг малгайн бүчний өнгөөр
ялгаж байсан байх юм. 1921 онд Засгийн газраас ардын журамт цэргийн
хэргийг бэхжүүлэхэд анхаарч, цэргийг дарга нарыг бэлтгэх тэдэнд зэрэг
дэв тогтоох, цэргийн алдар цол олгож иржээ. 1921 оны долдугаар сарын
16-нд Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын
гаргасан хоёр тоот тушаалд “… цэргийн дарга нараас формба ханцуйн
тэмдгийг ёсчлон хэрэглэх учрыг зарласугай” хэмээн тэмдэглэсэн байдаг. Уг
тушаалаар цэргийн зэрэг дэвийг тогтоож, таних тэмдэгтэй болгосон бөгөөд
дарга нар шар өнгийн дээш талтай гурвалжин тэмдэг хэрэглэх гурвалжны
дээд талд улаан өнгийн хас  тэмдэг, доод хагаст хааж буй албаны ёсоор
дөрвөлжин ба ромбо хэлбэрийн улаан даавуу хадахаар тогтжээ. Энэялгах
тэмдгийг салаа, суман, дивизион хороо, бригадын дарга нар албан тушаалын
дагуу хэрэглэж байв.

1930-иад оноос МАХЦ-ийн дарга нарыг
бага, дунд, ахлах, дээд тушаалын хэмээн дөрвөн шат болгожээ. Үүнд
салааны даргаас хорооны бага сургуулийн дарга нарыг дунд тушаалын дарга
гэж тооцож ахлах дарга нарт дивизион, хорооны даргын туслахаас тусгай
хороодын дарга, дээд дарга нарт хороодын болон түүнээс дээших дарга
нарыг хамаатуулж байжээ. Ялгах тэмдгийг 13 зэрэгтэйгээр хэрэглэж байжээ.
1936 оны хоёрдугаар сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын Бага хурлын
Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан ХIV
хурлаас “БНМАУ-ын өрлөг жанжин” (маршал) гэх цэргийн дээд алдар цолыг
баталж цэргийн дарга нарт дэслэгч жанжин, корпусдивиз, бригад командлан
захирагч хурандаа, хошууч, ахмад, ахлах дэслэгч, дэслэгч, улс төрийн
ажилтан нарт цэргийн ерөнхий комиссар, корпусдивиз, бригад, хорооны
комиссар, улс төрийн ахлах удирдагч, улс төрийн удирдагч цол, техник, аж
ахуй, шүүх (прокурор), хүн, мал эмнэлгийн албан тушаалтанд дээрх цолтой
дүйцэхүйц инженер, мэдэгч, шүүгч, хянагч, эмч зэрэг цол олгох тухай
“МАХЦ-ийн дарга, улс төрийн ажилчдад алдар цол олгох” тогтоол гаргажээ.

Тогтоолд “ … анх 11-р (1921) онд
ардын партизан цэргийг байгуулсан цагаас эхлэн удаа дараа байлдан тэмцэж
туйлын их цусан гавъяаг байгуулснаар үл барам он удтал цэргийн удирдах
тушаалыг хүлээж Ардын цэргийн зохион байгуулалтыг бэхжүүлэн өргөтгөж
цэргийн байлдааны ба техникийн хийгээд улс төрийн сүр хүчийг удирдан
зузаатгаж энэ 15 жилийн дотор ба одоо хүртэл тус улсыг гадаад, дотоодын
дайсан самуунаас батлан хамгаалах цэргийн хэрэгт олон гавъяатайгаар
зүтгэж буй нөхдөд зохих алдар цолыг сайшаан шагнаж олгох нь чухал”
хэмээгээд Ерөнхий сайдын 2-р орлогч, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн
жанжин Г.Дэмид, Ерөнхий сайдын 1-р орлогч Х.Чойбалсан нарт БНМАУ-ын
өрлөг жанжин цолыг шагнан олгожээ.

Уг тогтоолын ёсоор корпус
командлан захирагчаас доош цолыг Бүх цэргийн жанжин олгох ба дэслэгч
жанжин, корпус командлан захирагч цолыг УБХ-ын Тэргүүлэгчид, Засгийн
газраас олгож байх болжээ. Мөн тогтоолын 2 дугаар зүйлд “Улсын баатар”
хэмээх цол буй болгожээ. Шинээр тогтоосон бригад командлан захирагчаас
дэслэгч жанжин хүртлэх цол нь тухайн үеийн армийн жишгийн дагуу манай
зэвсэгт хүчинд хэрэглэгдэж байсан генерал цол байв. Харамсалтай нь эл
алдар цол хүртэгсдийн олонх нь 1937 оны яргалалд үрэгджээ. БНМАУ-ын Бага
Хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн ХХII
хурлаас “МАХЦ-ийн нийт дарга нарыг офицер хэмээн нэрлэх ба нийт албан
хаагчдын алдар цолыг шинэчлэх тухай” тогтоол гаргав. Тогтоолоор МАХЦ-ийн
албан хаагчдын бие бүрэлдэхүүнийг байлдагч, бага дарга, офицер, генерал
гэж нэрлэхээр тогтож, бага дарга нарт: бага түрүүч, түрүүч, ахлагч,
офицеруудад бага дэслэгч, дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд
хурандаа (хурандаа гэдэг нь хуаранда гэх манж үг бөгөөд хуарангийн дарга
гэсэн үг болно), хурандаа, генералуудад хошууч генералдэслэгч генерал,
хурандаа генерал БНМАУ-ын маршал цолыг олгохоор баталжээ. Мөн тусгай
төрлийн цэргийн генералын цолыг “их буу”, “нисэх”,“хуягт танкийн
цэргийн”, “техникийн цэргийн” гэж ялган нэрлэж байх болов.

Цэргийн техник, захиргаа, ажахуй, хүн эмнэлэг, мал эмнэлэг, шүүх
прокурорын албаны офицерын цолыг тэдгээрийн төрөл мэргэжлээр ялган олгож
байхаар болов. Генерал цолыг Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны
хүсэлтээр Засгийн газрын тогтоолоор цэргийн дээд тушаалын дарганарт
олгох, БНМАУ-ын маршал цолыг эх орон, ард түмний өмнө онц гавъяа
байгуулсан дээд дарга нарт БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн
тогтоолоор олгож байхаар болсон байна. БНМАУын маршал цолыг Г.Дэмид,
Х.Чойбалсан нарт 1936 онд олгосноос 43 жилийн дараа 1979 онд АИХ-ын
Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Ю.Цэдэнбалд олгожээ. Түүнд маршал олгох асуудлыг Улс Төрийн Товчооны
хурлаар хэлэлцэх үеэр Цагаан ламын Дүгэрсүрэн тодорхой үндэслэл зааж
татгалзсан учраас албан тушаалаасаа буурахад хүрсэн гэх яриа байдаг.
Тогтоолтой хамтатган МАХЦ-ийн нийт албан хаагчдын ялгах тэмдгийг
шинэчлэн баталж, цэргийн албан хаагчдын хувцасны шинэ маягийг баталжээ.
1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд хуралдсан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн
52-р хурлаас “Ардын хувьсгалт цэрэг ба Дотоод Явдлыняамны дээд дарга
нарт цэргийн алдар цолыг олгох тухай” тогтоол гаргаж,дэслэгч генерал
цолоор Ю.Цэдэнбал,Ж.Лхагвасүрэн, хошууч генерал цолоор С.Балдан,
Д.Дамдинхүү, С.Равдан,Б.Дорж, Г.Дагдан, улсын аюулаас сахиж хамгаалах
хошууч генерал цолоор Б.Шагдаржав, их бууны хошууч генерал цолоор
Г.Эрэндоо, нисэхийн хошууч генерал цолоор М.Зайсанов, ажахуйн албаны
хошууч генерал цолоор Р.Осор нарыг шагнажээ. Ийнхүү манай Зэвсэгт хүчин
1944 оноос албан ёсоор генерал цолыг хэрэглэж ирсэн түүхтэй юм.

Ч.Болдбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж