УИХ-ын гишүүн Л.Болд ахмадуудтай золголоо

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Л.Болд ахмадуудтай золголоо

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Хан-Уул дүүргийн удирдлагуудын хамт тус дүүргийн зуугаас дээш насны ахмадуудын гэрт зочлон, Ерөнхийлөгчийн Цагаан сарын гарын бэлгийг гардууллаа. УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүргийн VIII хороо, Сонсголонгын 20-708 тоот амьдардаг ахмад настан Мядагийн Хоовон гуайнд эхлээд зочилсон юм. М.Хоовон гуай энэ жил нас сүүдэр 105 хүрч байгаа бөгөөд дүүргийнхээ хамгийн ахмад настан нь юм. Тэрбээр Цагаан сарын шинийн нэгэнд УИХ-ын гишүүн Л.Болдыг гэрт нь зочилж буйд баярлаж байгаагаа хэлээд ирсэн зочидтой хууч хөөрөв. М.Хоовон гуай могой жилд төрсөн, ирэх онд жил орно хэмээн ярих ч бие тэнхээ сайн, ануухан хөгшин байлаа. Тэрбээр сайдтай нутаг ус, эрхэлж байсан ажил хөдөлмөрийнхөө тухай яриа дэлгэн, санаагаар болдог бол төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Тайшир сумандаа очих хүсэлтэй байдгаа хуучилна лээ. Арван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн азай буурай саяхан Алдарт эхийн нэгдүгээр одонгоор энгэр мялаажээ. Өдгөө үр хүүхэд, ач гуч, зээ нь нийлээд 200 хүрч, тав дахь үеэ үзэж суугаа буурай үр хойч, Монгол орныхоо ирээдүйг сайн сайхан байгаасай хэмээн хүсэдгээ төрийн түшээтэй хууч хөөрөхдөө хэлж байв.

М.Хоовон гуайн том хүү, армийн хурандаа С.Лхамжав гуай 77 настай. Шинийн нэгний өглөө ээжтэйгээ золгохоор ирээд байсан тэрбээр “Миний ээж 105 настай. Харин би дөнгөж л ная хүрэх гэж байна” гээд “Бага дүү маань ээжтэйгээ амьдардаг, би боломж гарвал л ээж рүү гээ гүйдэг хүн дээ” хэмээн УИХ-ын гишүүн Л.Болдтой хуучилсан юм. Тэрбээр “Шинийн нэгний билэгт өдөр УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй хот, дүүргийн төлөөлөгчид ээжийн минь насыг хүндэтгэн ирсэнд маш их баярлаж байна. Луу жил гарлаа. Энэ жилдээ баясгалантай, төгөлдөр байхыг ерөөж байна. Аз жаргалын хүсье. Их зүйлийг бүтээгээрэй гэж ах нь захья” хэмээн зочдод талархал илэрхийлж байв.

УИХ-ын гишүүн Л.Болд энэ үеэр “Усан луу жил гарч, Монгол түмэн сэтгэл тэнэгэр сар шинэтэйгээ золгож байна. Энэ жилийн өнгө их сайхан байгаа. Монголчууд бид үнэхээр дэлхийн цээжинд өөрийнхөө нэрийг дуурсгаж, ирээдүйгээ цогцлоон бүтээж байгаа сайхан жил гарч байгаад миний бие маш их баяртай байгаа. Өнөөдөр Монгол түмний төдийгүй дэлхийд гайхагдахаар өндөр нас сүүдэр зооглож байгаа М.Хоовон гуайдаа золгон, энэ сайхан буянтантай уулзаж байгаадаа жаргалтай байна. Нийт монголчууддаа луу жилдээ өндөр амжилтыг гарган, аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ингээд УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, хороон дарга, бусад албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 6-р хорооны Нүхтийн 6-101 тоотод амьдардаг, өндөр настан Ванчигсүрэнгийн Өлзийхутаг гуайнд зочиллоо. В.Өлзийхутаг гуай нас сүүдэр 102 хүрч байгаа, сайхан ануухан буурал байлаа. “Золголт их байлаа, түр хажуулдаад” гэсээр тэрбээр зочдыг угтсан юм. 13 хүүхдийн ээж В.Өлзийхутаг гуай өнөөдөр гурван сайхан хүү, тэднийхээ ач, гучыг тойруулан 100 хол давсан өнөр бүл болжээ. Иргэний нисэх газарт ажиллаж байсан энэ буурайн том хүү 70 гарсан буурал байх бөгөөд ээжийнхээ хамт зочидтой хуучиллаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Болдыг “Тойрогтоо олон сайхан ажил хийсэн хүн, эргээд эндээсээ нэрээ дэвшүүлээрэй. Иргэд бид нар дэмжих болно” хэмээж байв. Харин сайд түүнд “Ард иргэдийнхээ төлөө хийж чадах зүйлсээ хийж байгаа, зарим нэг чадаагүй зүйлс ч бий, тойрогтоо нэр дэвшинэ. Дахин сонгогдох үгүйг иргэд мэднэ шүү дээ” гээд луу жилийн сар шинийн баяраар ахмад настай буурлуудтайгаа золгон, жилийг сайхан угтаж байгаадаа баяртай байгаагаа хуваалцсан юм. Эрхэм гишүүнийг дүүргийнхээ ахмадынд хүндэтгэн зочилсонд ихэд баярласан В.Өлзийхутаг гуай “Хүүхдүүдэд чихэр өгнө өө” хэмээн хүрэн авдраа уудлан хишиг түгээсэн нь сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж