Тийм олон онгоц гэсэн нь хэд хэдэн шалтгаантай ажээ. Нэгдүгээрт, Израилийн F-15 ба F-16 онгоцнууд байндаа хүртэл нисэхэд агаарт шатахуунаар цэнэглэгдэх ёстой аж. Мөн тэднийг хамгаалах онгоцнуудад ч бас шатахуун агаарт авах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, Израилийн онгоцнуудад цөмийн байгууламжид хүрч бөмбөгдөөд буцах нь амар биш бөгөөд Ираны агаараас хамгаалах хүчний эсэргүүцэлтэй тулгарах болно. Тиймээс онгоцнуудын хэсэг нь пуужингийн батарей ба радарууд, угтан сөнөөгч онгоцнуудтай тулалдах хэрэгтэй болж таарах нь. Харин гуравдугаарт, Ираны олон тооны цөмийн байгууламжууд нутаг дэвсгэртээ тархан байрлаж, хүчтэй хамгаалалтаар бэхлүүлсэн учир тэднийг сөнөөхөд ганц хоёр бөмбөг биш олон онгоцны дараалсан цохилт хэрэгтэй болох бололтой.
Пентагоны өндөр тушаалын ажилтан асан Эндрью Хоэн (Andrew R.Hoehn) байдлыг ингэж төсөөлж байна. “Арваад онгоц нэг орой нисээд л үүргээ гүйцэтгээд ирнэ гэж хэлэх мэргэжилтэнг та олохгүй биз” хэмээн тэр хэлж үзэв. Харин Тагнуулын төв газрын захирал асан Майкл Хейден агаарын цохилтоор Ираны цөмийн хөтөлбөрт ноцтой хохирол үзүүлж чадахгүй гэж хэлсэн байлаа.
Тэгвэл “Израиль эсрэг талынхаа талаар нарийн мэдээлэлтэй учир ажиллагааг амжилтай хийж чадна” гэж Вашингтоны олон улсын стратегийн судалгааны төвийн судлаач Энтони Кордесман (Anthony H.Cordesman) үзжээ. Судлаачдын ихэнх нь Израилийн онгоцнууд богино замаар Иранд хүрэхийн тулд Иордан ба Иракийн нутгаар нисч өнгөрнө хэмээж байна. Гэхдээ л шинжээчдийн ихэнх нь Ираны эсрэг Израиль дангаараа ийм төрлийн ажиллагаа явуулахад ихээхэн ээдрээтэй гэдэгтэй санал нийлсэн байна.