Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Цагаан сар-2012” шатрын тэмцээн амжиллтай болж өнгөрлөө. С.Зориг агсны санаачилгаар одоогоос 16 жилийн өмнө ОХУ, Казахстан, Узбекистан, Монголын шатарчид оролцсон “Цагаан сар” тэмцээнийг анх удаа зохион байгуулж байжээ. Өнгөрсөн жилээс уг тэмцээнийг дахин сэргээж, зохион байгуулах болсон байна.
Энэ удаагийн тэмцээн А-2100-аас дээш чансаатай, Б-2100 хүртэлх чансаатай тамирчид гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдсан. Энэ удаагийн тэмцээн урьдын адил тун өрсөлдөөнтэй болж, их мастер Б.Хатанбаатар, Ц.Шаравдорж, Ц.Батчулуун тэргүүтэй нийт 122 шилдэг шатарчин ур ухаанаа уралдуулснаас A 2100-аас дээш чансаатайд Б.Гүндаваа Б-2100 хүртэлх чансаатайд Б.Баярмаа нар тэргүүн байрын эзэд болжээ.
Жил бүр “Монгол туургатан айл бүр хоймортоо шатраа дээдлэн залъя” уриан дор уламжлал болгон зохион байгууллагддаг уг тэмцээнээс Ц.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ц.Батчулуун зэрэг олон их мастер төрж байсан юм.
Д.Жаргалсүрэн