С.Мөнхбат: Айл бүхэнд аз жаргал хүсье

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

С.Мөнхбат: Айл бүхэнд аз жаргал хүсье

Уншигч та бүхэн сайхан шинэлж байна уу. Монголын ард түмний ёслол хүндэтгэлийн эрхэм баяр, цагаан сарын шинийн нэгний билэгт сайн өдөр бид өчигдөрхөн болсон сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн, Монгол Улсын отгон аварга С.Мөнхбатын мэндчилгээг хүргэж байна. Аваргатай бид утсаар холбогдлоо.

-Сайхан шинэлж байна уу, Аварга аа. Сар шинийн мэнд хүргэе.

-Сайхан шинэлж байна. Та бүхэн сайхан шинэлж байна уу.

-Луу жилийн сар шинийн барилдаанд сайхан барилдаж түрүүллээ. Луу жил таны хувьд билгэшээлтэй гарлаа.

-Тэглээ. Өчигдөр болсон цагаан сарын барилдаан үзэгчдийг уулга алдуулсан, ард түмнээ цэнгүүлсэн сайхан барилдаан боллоо. Олон сайхан хүчтэн зодоглолоо. Өнгөрсөн жил анх удаа үндэсний их баяр наадамдаа түрүүлснээсээ хойш барилдаан бүрт аваргын энтэй хүч үзэхийг хичээн барилдаж байгаа. Сар шинийн барилдаанд анх удаа түрүүлж, ард түмнийхээ итгэл хүлээсэндээ, төрийн их цолоо мялааж, бага наадамд санаснаараа барилдсандаа баяртай байна.

-Та хотод шинэлэх үү?

-Тэгнэ ээ. Хотод шинэлж байна.

-Шинийн нэгний золголтоо аав, ээжийнхээсээ эхлэв үү?

-Тэглээ. Хоёр талынхаа аав, ээж, ах дүүстээ золгоно. Дараа нь багш нартаа золгоно доо.

-Сайхан шинэлээрэй та. Танай гэр бүлд сайн сайхныг хүсье.

-Баярлалаа. Монголын нийт ард түмэндээ, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист
ажиллаж амьдарч байгаа ахан дүүстээ, хилийн чанадад аж төрж байгаа нийт
монголчууддаа сар шинийн мэнд хүргэж, Монголын тэнгэрлэг бөхчүүдийн
өмнөөс болон хувиасаа айл гэр бүрт аз жаргал бялхаж, хийморь лундаа нь
сэргэн баясахын ерөөл өргөе дөө.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж