зурхайч Л.Тэрбиш ийн буулгасныг хүргэж байна.
-Монгол зурхайн ёсонд энэ жилийн өнгө, нуруу ямар байх вэ?
-Тухайн
билгийн жилд бага мөчлөг их мөчлөг гэж хоёр зүйлийг ярьдаг. Бага мөчлөг
гэдэг нь 12 жилээ дараад тэр жил давтагдаж байгаа жилийг бага мөчлөг
гэнэ. Их мөчлөг гэдэг нь 60 жилийн дараа тэр жилийн махбодь нь яг
адилхан жил гарч байгааг хэлж байгаа юм. Энэ жилийн хувьд “Баясгалан”
хэмээх луу жил гарах гэж байна. Яагаад “Баясгалан” гэж нэрлэсэн юм бэ
гэхээр тэр жилийн өнгө нуруутай холбоотой.
Монголчууд 60 жилд
өвөрмөц онцлогтой нэр өгсөн байна. Тэр нэрийг жилийн ёгт нэр гэнэ. Энэ
жил хур бороо цагтаа буух, идээ будаа дэлгэрэх, мал адгуус амгалан сайн
байх, ард түмэн амгалан тайван байх ийм жил байгаа юм. Түүнээс гадна энэ
жил ном төгөлдөртнүүд сэтгэлийн амгаланг олно гэж байгаа. Тийм учраас
энэ жилийг их баясгалантай, амгалан байх юм байна гээд байгаа юм.
Үүнээс
гадна жилийн Эзэн од, жилийн өнгө нурууг ганцхан жилийх нь бага орчлын
арга юм уу тэр жилд тодорхой нөлөө үзүүлдэг гараг эрхсийн үр хаялагыг
хэлдэг. Тэгэхээр ерөөсөө энэ монгол зурхай гэдэг маань гаднаасаа
харахаар Билгийн зурхай мэт харагдаж байгаа боловч дотроо Аргын зурхайг
оруулсан, нар, таван гарагийн хөдөлгөөнийг оруулсан, тэрний гараг
эрхсийн солбилцлоор жилийн байр байцыг хэлдэг ийм ёс байна. Тэгвэл энэ
Өрнөдийн зурхай гэж сүүлийн үед иргэд ихээр яриад байгаа гэрийн буюу
ордоны зурхай байдаг. Энэ зурхай хонины ордоор эхэлдэг шүү дээ. Тэгэхээр
Монгол зурхайд нар ямар өдөр хонины ордонд шилжиж байгаа өдрийн од
гарагийн хөдөлгөөн байршлыг ихээр анхаардаг юм.
-Харин жилийн эзэн од, эзэн гарагийн үр ямар байх вэ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Жилийн
эзэн од, эзэн гараг, хаан гараг, түшмэл гарагаар үр өнгийг тодорхойлж
гаргана. Өөрөөр хэлбэл, Бархасбадь гарагийн хөдөлгөөнд дулдуйдан
гаргадаг тэр одыг жилийн эзэн од гэдэг. Харин энэ жилийн эзэн одны үр
хаялаг өнгө нуруу нь ард түмэн амгалан тайван байх, тариа будаа сайн
дэлгэрэх, мал адгуус сайн байх жил байгаа юм. Харин жилийн эзэн гарагийн
үр хаялаг нь жил жаахан хуурайших, хур бороо бага байх үр хаялагтай
байна. Мөн бага зэрэг халуун чанартай өвчин гарч болзошгүй. Үүнийг
анхаарууштай. Бас жаахан тэмцэл хямрал гарч магадгүй. Үүнийг бид бүхэн
анхаарч байх ёстой. Үүнээс гадна жилийн хаан гарагийн үр нь орлого,
өглөгө арвижна. Өөрөөр хэлбэл, гадагш номын өглөг ч юм уу эд материалын
өглөг өгвөл тун сайн. Авч байгаа хүндээ ч тун сайн. Түүнээс гадна тариа
төмс сайн байх, хур бороо цагтаа буух үр хаялагтай байна. Мөн тухайн
жилийн түшмэл гараг гэж байдаг. Энэ түшмэл гараг гэдэг нь хаан гараг юм
уу жилийн эзэн гарагтай туслах нөлөөтэй байна. Тэр гарагийн энэ жилийн
үр хаялаг Эзэн гарагийн үр лүгээ адил байна.
-Үүнээс гадна “Шороон үхэр”-ийн шинж ямар гарсан бол?
-Энэ
жилийн хувьд шороон үхрийн үр хаялагийг харах юм бол хур бороо цагтаа
буух, мал адгуус сайн, өвс ургамал сайнтай, ялангуяа үр тариа сайн байх,
ерөнхийдөө их сайхан жил ирэхийн билэгдсэн байгаа. Энэ жилийн Шороон
үхэр амаа ангайн сүүлээ зүүн тийш шаравсан хөх толгойтой, цагаан
омруутай, хөх ходоодтой, шар биетэй эвэр сүүл, чих нь ногоон, дөрвөн
шийр нь шар үхэр алгуурхан алхаж явна. Үхэр тайван явж байна гэдэг нь
мал адгууст амгалан тайван сайн байдаг. Харин үхэр хариулаач нь шар
нүүртэй, ногоон дээлтэй, цагаан бүстэй, үс нь чихнийхээ өмнүүр хийссэн.
Зүүн гутлаа өмсч, баруун гутлаа зүүн бүсэндээ хавчуулсан, унгасан
шилбүүр барьсан хүүхэд үхрийнхээ өмнө яаруу гүйж явна. Тэгэхээр үхэр
хариулагч буюу малчин хүн яаруу байхаар малд амгалан байх ч ард түмэн
хөдөлгөөнтэй, нийт зон олон тэмцэлтэй байж магадгүйг харуулж байна.
Шороон үхрийн үр хаялаг нь үхрийн зүс хийгээд байр байц нь жил болоод
сар бүрийн эхний хагаст хур сайтай. Хавар намартаа цас, мөндөртэй.
Жилийн дундуур өвс ногоо сайн ургана. Тариа төмс сайн авна. Жилийн
эцсээр өвс сайтай. Харьцангүй салхитай жил байхыг үзүүлж буй.
Үхэр
хариулаач нь хүүхэд байна гэдэг нь хүүхдэд амгалан, хөгшин өндөр настай
хүмүүст дунд зэрэг жил, харин идэр залууст харшлах шалтгаантай.
Хүүхдийн цаана юуг хэлж байна вэ гэвэл нийт ард зон, хуучин бол харлаг
ардууд гэж хэлдэг. Тэдгээр хүмүүс амгалан байна. Харин өндөр настай
хөгшин хүний цаана хуучнаар хаан хүнийг хэлдэг. Одоо цагаар хаан гэдэг
нь улсын Ерөнхийлөгч болж байна. Тэгэхээр Ерөнхийлөгчид төвшин, янз
бүрийн шалтгаангүй байна. Харин идэр залуусын цаана хуучнаар нутаг
хошууны ноёд орно. Хуучин халхад дөрвөн аймаг, баруун монгол Далай хаан
гэж бай сан. Тэгэхээр одоогийнхоор аймгийн дарга нар, төрийн түшээд,
нэлээд өндөр суудалд сууж байгаа сайд дарга нарыг төлөөлүүлэн хэлж
байгаа юм. Эдгээр хүмүүс суудал мөр, ажил явдлаа сайн анхаарч ард түмнээ
сайн чагнаж байхгүй бол жаахан муу үр хаялагтай байж болох нь.
-Луу жилийг иргэд хатуу гэдэг?
-Усан
зуу жил маань 60 жилд нэг тохионо шүү дээ. Жилийг хатуу, зөөлөн, эр, эм
гэж хуваадаг. Тэгэхээр луу жил аргын жил буюу эр жил. Хатуу жил гэж
хэлдэг. Энэ бол хүч тамирыг билэгдсэн жил. Өөрөөр хэлбэл, хатуу үйлд
сайн. Хатуу үйл гэж юуг хэлээд байна вэ гэхээр хүч тамираар оруулдаг,
аливаа нэг үйлийг хүч тамир шаардаж байж хийдэг тэр үйлүүдийг хэлж
байгаа юм. Сүүлийн үед иргэд нэг зүйлд ихээр туйлшрах болсон. Энэ юу
гэхээр луу жил хатуу жил гээд найр хурим хийхгүй, хүн гарвал муу гэдэг.
Гэтэл ийм зүйл байдаггүй. Харин тухайн жилийн байр байцаас гадна жил
дотор байдаг гараг эрхэс, одны байрлалаас шалтгаалж хэлдэг учраас тэр
жил яг тийм байх ёстой гэсэн тогтсон зүйл хэлэх боломжгүй. Хүмүүс гарсан
өдрийн гараг мэднэ, төрсөн өдрийн төөрөг мэднэ гэдэг. Ард түмний дунд
гарсан яриа боловч, хүн төөрөг заяа ерөнхий байр байцаа мэдэж аван би
тийм ажил хийвэл сайн байна, тиймийг тэвчвэл сайн байна гэж хянах юм бол
үйлс нь бүтнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүний үйлээс хамаарч байгаа юм.
Тухайн хүн муу зүйл хийвэл муу үр дагавар, сайн үйл хийвэл сайн үр
дагавар дагна гэсэн үг.
-Иргэд Азийн он тоолол нэг байж яахаараа Азийн улс орнууд нэг өдөр цагаан сараа хийхгүй байгаа юм бэ гэх юм?
-Энэ
бол сүүлийн үеийн учир сайн мэдэхгүй хүмүүсийн яриа байгаа юм. Түүнээс
биш Азийн он тоолол, Европын он тоолол гэсэн зүйл байхгүй. Азид олон улс
орон байна. Азийн улс орнуудын хуучин тоолол ямар учиртай юм гэхээр
билэг, арга хосолсон тоолол. Дэлхий нийтийн хэмжээнд гурван тоолол
байна. Жил юм уу оны эхийг тооцоолон гаргадаг гурван аргачлал байна.
Нарны хөдөлгөөнд дулдуйдан тоолдог тоололыг Аргын тоолол гэнэ. Энэ
тооллыг хэрэглэж байгаа улс орнуудад тоолол нь зөрдөг зүйл байна. Хуучин
номонд хэлэхдээ өвлийн хамгийн ахархан буюу богино өдөр тохиож байгаа
өдрийг хуучин уламжлалаараа хүмүүс жилийн эхлэл гэж бодсон байна. Тэр
өдөр нь ихэвчлэн арванхоёрдугаар сарын 22-нд тохиож байна. Тэгээд тэр нь
орчин цагийн дэлхий нийтийн тоолол болсон байна. Энэ тоолол өөрчлөгдөж
наашаа, цаашаа болж нэгдүгээр сарын 1-н болсон байна. Уул нь түүхээрээ
хамгийн ахархан өдөр энэ жил, он эхэлж байна гэж бодсон иргэдийн үр
хаялагаас улбаатай. Нөгөө нэг нь жилийн хамгийн урт өдөр жилийн эхлэл
байх ёстой гэсэн үзэл бодол байна. Бас нэг нь өдөр, шөнө тэнцсэн тэр
өдөр жил эхэлж байна гэсэн нэгэн үзэл бодол байна. Үүнээс улбаалан
тоолол зөрж байгаа юм. Үүнээс гадна дан гац сарны тоолол гэж байна.
Байгалын сар үзэгдээд аривдаад, дараа нь хомсдоод байгаа нэг тооллоор
тоолдог тоолол юм. Тэр тооллыг Ислам шашинтай улс хэрэглэдэг бөгөөд
үүнийг “Хижир”-ийн тоолол гэж нэрлэдэг. Энэ тоолол нь дан гац сарыг л
анхаардаг бол нарыг анхаарахгүй. Дан Билгийн жил 12 сарын давтлыг нэг
жил гэж боддог. Тэгэхээр Билгийн жил 354 юм уу 355 хоногтой. Харин
Аргийн жил 365 юм уу 366 хоногтой байдаг шүү дээ. Энэ хоёрыг харахад
хооронд нь 10-аад хоногийн зөрөө гарч байна. Тэгэхээр Азийн орнуудын
ерөнхийд нь авч хэрэглэдэг тоолол нь Билэг, Аргийн тоолол. Өөрөөр
хэлбэл, Билгийн нэг жилд Аргын нэг хоног харгалздаг. Аргийн нэг онд
Билгийн нэг он харгалздаг. Тэгэхээр аргын 2012 он гэхэд Усан Луу жил
харгалзана гэх мэт. Гэхдээ энд хоёр ац буюу салаа байна.
-Энэ нь ямар учиртай юм бэ?
-Нэг
салаа нь Бээжин төвтэй Хятадын Хуанли гэдэг зүйл. Хуан гэдэг нь Хаан
гэсэн үг. Ли гэдэг нь тоолол. Үүнийг нийлүүлэхээр Хааны тоолол гэсэн
зүйл гарна. Нэрнээсээ хүртэл Хятад гэдэг нь мэдрэгддэг. Үүнээс гадна
Хуан гэдэг үг хоёр салаа утгатай. Нөгөө утга нь шар. Тэгэхээр дээр үед
зарим юм мэдэхгүй муухан орчуулагч нар орчуулахдаа “Хааны тоолол”
гэдгийг “Шар зурхай” гээд орчуулсан байгаа юм. Тэр үед Манж олон улсыг
захирсан том гүрэн байсан шүү дээ. Монгол, Төвд гэх мэт олон улсыг
эрхшээлдээ оруулсан байсан. Тэгэхээр том гүрэн учраас тоолол нь адилхан
байх учиртай. Яагаад гэхээр төрийн хэргийг явуулна, янз бүрийн зан үйлээ
явуулна, бичиг захидлаар харилцана. Тэгээд Манжийн мэдэлд байгаа улсууд
Хуанлигаар буюу Хятадын хааны зурхайгаар явж байсныг Шар зурхай гэж
тарсан юм. Бээжин төвтэй ханз соёлтой ханз үсэг тарсан орнуудад
дэлгэрсэн соёл байгаа юм. Тэр нь Солонгос, Япон гэх мэт улсуудад тарсан
учраас Хятадын тоололоор явж байгаа юм. Энэ тогтоосон тоолол дээр өдөр
давхардаж болохгүй, тасалдаж болохгүй, илүү сар байж болохгүй гэсэн
байдаг. Өөрөөр хэлбэл, зарлигаар тогтоосон тоолол.
-Нөгөө нэг салаа нь?
-Тэгвэл
өөр ямар тоолол байна гэхээр Одон зурхайн тоолол гэж том салаа байна.
Энэ нь дотроо хэд хэдэн ангитай. Жишээ нь баруун, зүүн Төвдөд билэг,
аргын хоёр тоолол байна. Хоорондоо зөрөөтэй. Монгол Улсых мөн л
зөрөөтэй.
-Яагаад одон зурхай хэрнээ ингээд зөрөөд байгаа юм бэ?
-Хамгийн
гол учир нь түрүүнд хэлсэн Арга, Билгийн тоолол хоёрыг адилхан утгатай
нэг нэгэнд нь харгалзуулахын тулд гурван жил орчим болоод нэг билгийн
сарыг нэмэхээр хоорондоо таараад явна. Одон зурхайн тооллын илүү сарыг
гаргахдаа тухайн газар орны газрын хуваарьт тохируулж хэдэн сар нь илүү
байх юм бэ. Зун нь илүү байх уу, өвөл нь илүү байх нь уу гэдэг нь
тоолдог тоололтой, яг газар дээр харагддаг байгалийн үзэг дэл нар сарны
байрлалтай холбоотой. Энэ тооллоос хамаараад Төвд, Монголынх өөр байгаа
юм. Тэгэхээр бидний явж байгаа тоолол бол монгол газар таарсан “Төгс
буянт шинэ зурхай”. Цагаан сар гэдэг ганцхан манайд л байна. Хятадын
цагаан сар гэж байхгүй шүү дээ. Хаврын тэргүүн сар л гэж байна. Тэр
тоолдог тоолол, гаргаж байгаа зурхай баримталж байгаа зүйл нь тухайн улс
орондоо хэрэгтэй, тэр газар нутагт таарсан юм байна. Жишээ нь, манай
улсад гуравдугаар сард ногоо тарьж болохгүй шүү дээ. Тэрэнтэй л адил.
Хоёр өөр тооллыг нэг газар хэрэглэж байгаагаас зөрөө гарч байна. Нэг
үгээр хэлбэл, өнгөрсөн сарын 23-нд хятадын хаврын тэргүүн сар гарсан.
Тэгвэл манай улсад гунан үхрийн эвэр тас хөлддөг гурван есийн хүйтэн
байсан шүү дээ.