Монгол Улсын Гавьяат тамирчин О.Насанбурмаа:
-Сар шинийн битүүний энэ сайхан өдөр Төрийн ордонд ирж Төрийн дээд шагнал хүртээд сэтгэл маш өндөр байна. Өнгөрсөн жил дэлхийн аврагаас хошой хүрэл медаль авсан. Намайг өдий зэрэгт хүртэл минь дэмжиж байгаа аав ээж, багш, баг хамт олондоо, чөлөөт бөхийн холбооны удирдлагуууд, холбоодын зөвлөх гишүүд, дарга нар, Хөрөнгө оруулалтын банк, ЦЕГ-ын харьяа биеийн тамир спортын “Хүч” спорт хороо, БТС-ын газар, “Алтай консракшн”ны хамт олон, Хонгор нутгийнхан, Монголын ард түмэндээ сар шинийн мэнд хүргэе. Сайхан шинэлээрэй.
Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын гарьд Б.Гантогтох:
-Өнөөдөр ард түмэндээ их баярлаж байна. Ардчилсан шударга Ерөнхийлөгчдөө бас их баярлалаа. Төрүүлж өсгөсөн аав ээж, ахан дүүс, амраг гэргий, үр хүүхэд та бүхэндээ бүгдэд нь баярлаж байгаагаа илэрхийлье. Спортын түүхэнд бичигдэж явсан үе үеийн ахмад тамирчид, нэгэн үед өрсөлдөж яваа өндөр ур чадвартай олон олон алдартай тамирчид, хөлсний үнэртэй заал, торгон дэвжээнийхээ буянаар өнөөдөр энэ сайхан өндөр цолыг хүртлээ гэж ойлгож байна. Миний цаашид улс эх орондоо хийх ажил үйлсэд маань их урам зориг өглөө. Нийт ард түмэндээ сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье. Монгол Улсын минь гэрэлт ирээдүй үргэлж өөдрөг, ард түмний минь амьдрал үргэлж гэрэл гэгээтэй, нүүр нь баясгалангаар дүүрэн байхыг ерөөе.
Монгол Улсын Гавьяат хуульч Д.Пунцаг:
-Би Өмнөговь аймгийн харьяат хүн. МУИС төгсөөд, ардын багш, гавьяат хуульч, доктор профессор Б.Чимид, доктор, профессор н.Сэнгэдорж нарын зэрэг Монголын толгой хуульчдаар ном заалгаж хуульч болсон. Шүүхийн байгууллагад 36 жил зөвхөн шүүгч гэдэг албан тушаалыг хашсан. Энэ бол шударга ёсны төлөө амьдралаа зориулсан гэсэн үг. Миний хөдөлмөр, зүтгэлийг Монголын төр үнэллээ. Энэ шагналыг хүртсэн нь миний аав ээжийн буян, миний хамт олон, гэр бүлийнхний буян, бидний аз жаргалтай сайхан амьдралын бас нэг түүхэн үйл явдал боллоо.