Зургаан хувийн хүүтэй зээл авах боломж бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Зургаан хувийн хүүтэй зээл авах боломж бүрдлээ

Өнөөдөр Төрийн ордонд Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар Монгол Улсын Засгийн газраас баталсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй, 50 м/кв-аас ихгүй талбайтай орон сууцыг анх удаа орон сууц авах иргэдэд олгох тусгайлсан журамд гарын үсэг зурлаа. Ингэснээр иргэд Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу жилийн зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл авч орон сууцтай болох боломж бүрдэж байгаа юм. Урьдчилгаа болгож иргэд орон сууцны үнийн 10 хувийг бэлнээр төлөх юм байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийг бонд гаргахаар болжээ.

Гарын үсэг зурсны дараа сайд, дарга нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Ц.Дашдорж сайдын танилцуулснаар 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79486 айлын орон сууцыг хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас 18 сарын дотор ашиглалтад орох 28300 орон сууц баригдаж байгаагаас 6341 нь 50 м/кв талбайтай байгаа аж. Өнөөдөр баталсан журмаар талбайн хэмжээг 55 м/кв болгон нэмсэн байна. 100 мянган айлын орон сууцны 75000 нь нийслэлд, 25000 нь хөдөө орон нутагт баригдах юм. Энэ зорилт 2016 он гэхэд хэрэгжих аж. Орон сууц анх удаа авч буй, 16 хүртэл насны 1-4 хүүхэдтэй айлд эхний ээлжинд давуу эрх олгох аж. Зээл авах  иргэдэд ямар нэг тусгайлсан квот тавихгүй гэлээ.

Яармаг, МҮОНРТ орчимд, 100 айл, “Шинэ зуунмод” хороолол, 13 дугаар хорооллын урд тал зэрэгт эдгээр барилгыг барих ажээ. Эхний газруудыг чөлөөлж эхэлсэн байна. Журмын дагуу бэлтгэл ажлыг ханган гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр ажлыг эхлүүлэх боломжтой гэж сайд нар мэдээллээ.

Өнгөрсөн онд иргэдэд олгосон нийт зээлийн 99 хувийг арилжааны банкууд олгосон байна. Банкны салбарын хэмжээнд 485,4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 15 мянга гаруй өрхөд олгожээ. Тэднээс найман мянга гаруй зээлдэгч зээлээ эргүүлж төлсөн дүн гарсныг мөн дуулгав.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж