Олон жилийн өмнөөс нефть боловсруулах үйлдвэр барих талаар яригдаж байгаа боловч ажил хэрэг болсон зүйл байхгүй, нүдэнд харагдаж гарт баригдах зүйлгүй суусаар байгаа. Өнөөдрийг хүртэл нэлээд хэдэн компани боловсруулах үйлдвэр барих эрх авч, зөвшөөрөл нь олгогдсон боловч одоогоор үйлдвэрийн бараа сураг алга л байна. Манай улс өнгөрсөн оноос туршилтын олборлолтоос үйлдвэрлэлийн олборлолт руу шилжсэн. 25 газрын тосны хайгуулын талбай ялгасны 18-ыг нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ашиглаж байгаа. Үүнээс хоёр нь хэдийнэ олборлолт хийж экспортолж байна. Энэ нь өөрийн нөөцөд тулгуурлан үйлдвэр байгуулах боломж байгааг харуулж байгаа юм. УИХ 2007 оноос нефть боловсруулах үйлдвэр байгуулах үүрэг чиглэлийг Засгийн газарт удаа дараа өгсөн. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэж тусгасан ч энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд ямар ч ажил хийсэнгүй. Иймэрхүү цалгардсан байдлаас болж олборлож буй газрын тосоо ямар ч боловсруулалт хийгдэлгүй шууд түүхийгээр нь өмнөд хөрш рүү тавиад туучихаж байна. Ямар ч өртөг шингэлгүйгээр ингэж гадагшаа гарах нь Монгол улсын хувьд ямар ч ашиггүй гэхэд болно.
Гэхдээ одоогоор тогтоогдоод байгаа нөөц болон олборлолтын хэмжээгээрээ том хэмжээний үйлдвэр байгуулах боломжгүй. Харин жижиг болон дунд хэмжээний үйлдвэр байгуулаад дотоодын хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг хангах боломж байгаа. Гэхдээ жижиг хэмжээний үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг болон гарч байгаа бүтээгдэхүүний чанар муу байдаг талтай. Үр ашигтай ажиллаж чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд том үйлдвэр л барих хэрэгтэй. Том үйлдвэр барихын тулд их хэмжээний нийлүүлэлт шаардлагатай болно. Монгол улсын олборлож байгаа нефть үүнд хаанаа ч хүрэхгүй. Тиймээс гаднаас түүхий нефть импортлохоос өөр аргагүй болж байгаа юм. Ингэж их хэмжээгээр оруулж ирэх нь шатахуунтайгаа адил түүхий нефтийн хараат байдалд орох юм биш биз гэсэн хардлага хүмүүсийн дунд байдаг. Харин түүхий газрын тосон дээр тийм аюул харьцангуй бага байдаг аж. Учир нь түүхий тос бол дэлхийн зах зээлийн тогтсон үнээр ямар нэг асуудалгүй зарагддаг. Оросоос түүхий тос авахад дотооддоо татвар тогтооно уу гэхээс экспортдоо тогтоохгүй юм. Тэгэхээр боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг хялбархан шийдэж болох гарц харагдаж байна. Дээр нь ОХУ-ын дотоодын нөхцөл байдлаас шалтгаалаад нефтийн компаниуд шатахуун бус түүхий нефть экспортлох сонирхолтой болоод байгаа. Энэ нь бидэнд илүү том боломжийг олгож байна. Гэхдээ энэ бол одоо л гарч ирж байгаа боломж биш. Анх ярьж эхлэхдээ дорвитой хөдөлж шийдвэртэй алхам хийсэн бол хэдийнэ боловсруулах үйлдвэртэй болчих л байсан. Тэр үеийн боловсруулах үйлдвэр барих нөхцөл байдал одоогийнхоос нэг их ялгараад байхгүй. 1991 онд мөрдөгдөж байсан хууль одоо ч хүчин төгөлдөр байна.
Одоогийн байдлаар нефть боловсруулах үйлдвэр байгуулах төслөө оруулж ирээд, тусгай эрх авчихсан 4 компани байгаа. Эрсдэлээ тооцоод, төслөө найдвартай бичээд ирсэн ямар ч компани зөвшөөрөл авах боломжтой байгаа. Гагцхүү зөвшөөрөл авсан компаниуд нь түүнийгээ ажил болгох, нөгөө талаас төр нь эдгээр компаниудаа дэмжих шаардлагатай байна.
Зөвхөн нефть боловсруулахаас гадна нүүрс хийжүүлж шатахуун гаргах технологийг нэвтрүүлэх нь зүйтэй. Монгол улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүр ордог. Энэ их хэмжээний нөөцийг шууд гадагш гаргах нь бас л Монгол улсын эдийн засагт үр ашиг багатай. Манай нүүрсний нөөцийн 80 гаруй хувь нь эрчим хүчний буюу коксждоггүй нүүрс байдаг. Үүнийг ашиглах хамгийн үр дүнтэй арга нь энэ хийжүүлэх технологи болж байна. Хэрэв 1 баррель нефтийн үнэ 50 доллараас их байвал нүүрс шингэрүүлж шатахуун гаргах нь эдийн засгийн хувьд ашигтай болж ирдэг аж. Гэтэл одоогийн байдлаар 1 баррель нефть 105-119 доллар байгаа. Тиймээс энэ технологийг ашиглах нь манай орны хувьд нэлээдгүй ашигтайгаар тусахаар байгаа юм. Ер нь аль ч тохиолдолд өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэг болох нь нүүрлээд буй шатахууны хямралаас гарах хамгийн зөв шийдэл болоод байна.
Г. Батболд
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn