“Хүрээ гангачуул” гэж хэн байв?

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

“Хүрээ гангачуул” гэж хэн байв?

Урлагийн тоглолт, бөхийн барилдаан гээд үзэгчдийг хуйлруулдаг хөл ихтэй газрын нэг болох Бөхийн өргөөний зүүн талд хэнд ч үл анзаарагдах жижигхэн байшин бий. Хуучны хийцтэй нэг давхар тэрхүү байшин монголчуудын нийслэл хотын түүхийг агуулж байдгаараа уг нь үнэ цэнэтэй.

Цагаан сарыг угтуулан тэрхүү Улаанбаатар хотын музейд хуучны гэрэл зургаар бүтсэн “Хүрээ гангачуул” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийжээ. Биднээс улам бүр алсарч байгаа монгол ахуй, тэр дундаа нүүдэлчдийн нийслэл болох эсгийн хотын түүхийг сануулах 60 орчим гэрэл зураг үзэсгэлэнд тавигджээ. Нэр ус нь хаа ч үлдээгүй мөртлөө дүр, зүс нь гэрэл зургийн хальснаа үүрд үлдсэн хорьдугаар зууны эхэн үеийн монголчууд. Бидний гэрэл зургийн цомогт азаар ганц, нэг патиар нь үлдсэн ч үе өнгөрөх бүр мартагдах шахаж буй эмээ, өвөө, элэнцийн маань үеийнхэн “Хүрээ гангачууд” үзэсгэлэнгийн гол дүр юм.

Нийслэл хүрээнд 1910-аад оны үед гурав, дөрвөн гэрэл зурагчны газар байжээ. Тэдгээрийг баруун Дамнуурчны, Консулын дэнжийн гэхчлэн байрлалаар нь нэрлэдэг байж. Үзэсгэлэнгийн гэрэл зургийн тайлбар дор төдөн он, тэндэхийн гэрэл зурагчин гэхээс өөр тайлбар, нэр ус тавих боломж өнөөдөр алаг болжээ. Музейн тайлбарлагчийн ярьж буйгаар өнөөгийн Гэсэр сүмээс Тэнгис кино театр хүртэл, түүнээс хойш Тасганы овооны зүүн талаар урдаас хойш чииглэсэн есөн гудамжийг Баруун дамнуурчны буюу Хятадын есөн гудамж хэмээн нэрлэдэг байжээ. Хятадын худалдаачдын 1820 онд үүсгэсэн Баруун дамнуурчны эхний гудамжинд 1900-аад оны эхэн үед найман хүнтэй хоёр ч зурагчны газар байсан аж. Гэрэл зурагчны газраас гадна хувиараа буюу Монголын нөлөө бүхий ихэс дээдэст үйлчилдэг гэрэл зурагчид байсны нэг нь VIII Богд Жавзандамбын дэргэдэх гэрэл зурагчин Цогтбадамжав. Түүнийг Монголд гэрэл зургийг анх дэлгэрүүлсэн хүн гэж үздэг аж. Мөн Александр Дмитрович Шапов гэдэг орос зурагчин тэр үеийн ялгууртнуудын зургийг авч байжээ.

Энэ удаагийн “Хүрээ гангачуул” сэдэвт үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургууд нь 1910 оны үеэс 1940-өөд он хүртэлх хүмүүсийн дүр төрх, аж байдал, тухайн нийгмийн ерөнхий дур зургийг илэрхийлэхэд чухал баримт болох юм.

Өдгөөгийн 23 дугаар дунд сургуулийн баруун хойд талд зонхилж байсан Төвдийн хороо гэх хороолол 1904-1905 оны үед XIII Далай лам Монголд айлчлан ирэх үед анх сууриа тавин төвхнөжээ. Энэ орчимд байсан гэрэл зурагчны газрыг Төвдийн гэсэн тодотголоор ялгаж болох бөгөөд бодвол Төвдийн хорооны гэрэл зурагчны газарт авахуулсан байлтай нэгэн гэрэл зураг анхаарал татна. Хүрээний залуу бүсгүй эр нөхөртэйгээ, мөн эгчтэйгээ хамт татуулсан гэрэл зураг л даа. Тус тусдаа сандал дээр зэрэгцэн суусан хосууд гар, гараа барилцсанаас гадна бүсгүйн ядам, залуугийн чигчий хуруунд байх бөгжүүд нэг ижил хийцтэй юм. Гараа шүргэлцсэн хийгээд хос бөгжтэйг харвал тэд залуу гэр бүл бололтой. Мөн нөхөр нь монголчуудаас илт ялгарам бараан царайтайг анзаарвал тэрээр төвд хүн биз. Зургийн кадрт байх ширээний нөгөө талд нэг бүсгүй ганцаар суугаа нь залуу эхнэрийн эгч бололтой. Тэр үеийн ихэс язгууртан, дээдсийн зургаас гадна эгэл харчууд ч кадрт үлджээ. Араг үүрсэн, ноорхой дээлтэйд хэсэг хүүхдийн зургийг музейн тайлбарлагч “Эд бол Маймаа хотын харчуудын хүүхдүүд” гэж оноосон. Яагаад гэхээр хувцас хунар ядмаг, хөл нүцгэн, мөн араг үүрснийг бодвол яавч нийслэлийнх биш. Гэхдээ өнөөгийн Амгалангийн орчимд байсан маймаа хотынхны хүүхдүүд гэж уншигдаж буй аж. Сонирхолтой нь, 10-аад насны долоо найман жаал бүгд ээмэг зүүсэн байх юм. Тэгэхээр эршүүд төрхтэй тэдгээр жаалууд охид байж таарна. Зуун жил өнгөрч нүүдэлчдийн эсгий хот маань шилэн барилгуудаар өнгө засч, охид хөвгүүд маань хэдийнэ хотжин төрхөө өөрчилж амжжээ. 

Мөн “Хүрээ гангачуул” үзэсгэлэнгийн зургууд дунд 1940-өөд оны нийслэл хотын бүтээн байгуулалтыг харуулах кадрууд ч байна. Тухайлбал, тэр үеийн хамгийн өндөр барилга болох нэгдүгээр дунд сургуулийн дөрвөн давхраас орчны байдлыг татсан зураг сонирхол татна. Нүүдлийн ахуйгаас суурин иргэншилд шилжсэн монголчуудын түүхийн сонирхолтой үеийг харуулсан тэдгээр гэрэл зургуудийг Улаанбаатар хотын музей, Архивийн ерөнхий газар, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төв хамтран үзэгчдэд дэлгээд буй нь энэ. Нүд хужирлаж, сэтгэлд бодол нэмэх хуучны гэрэл зургууд бидний эмээ, өвөө, элэнц хуланцийн түүхийг хүүрнэж, цаг үеэ таньж мэдэхэд маань нэмэр болох нь лавтай. Хүрээний гангачуул гэж хэн болох, тэд юугаар хэрхэн гоёдог байсныг анзаараад үзье. Үзэсгэлэн бүтэн сарын турш ажиллах юм байна.

Гэрэл зургийг: www.inet.mn

З.ОРГИЛ   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж