Монголын сагсан бөмбөгийн холбооны Пэпси үндэсний дээд лигийн тоглолтууд хуваарь ёсоор өчигдөр Спортын төв ордонд боллоо. Нийт гурван тоглолт болсноос “TLG-13” болон “Баянзүрх Буллс” багийн тоглолт өрсөлдөөнтэй өрнөв. Өмнөх хоёр тоглолтод оролцоогүй “Буллс”-ын дасгалжуулагч Ц.Цэвэрбал багтайгаа нэгдэж, сонирхолтой гэмээр шийдвэр гаргасан нь тэргүүн тоглогч Ц.Мэргэнийг талбайд гаргаагүй явдал байлаа. Түүнийг байхгүй үед легионер тоглогч Дэн Хадли “Буллс”-ыг хангалттай тэргүүлж байлаа. Харамсалтай нь, тоглолтын үеэр “TLG-13” багийн хамгаалагч Кларенс Жеффри өвдгөндөө хүнд гэмтэл авсан нь залуу бүрэлдэхүүнтэй “TLG”-ийн тоглолтод шууд нөлөөлсөн. Жеффри 15 оноо аваад байсан бол Кэн Блэйк 23 оноо авчээ. Өмнөх тоглолтод хожил авадах голлох үүргэг гүйцэтгэсэн н.Цэнгүүнбаяр 16 оноо авсан ч багийн бусад тоглогчид хангалттай байгаагүй юм. “Баянзүрх Буллс” багийн Дэн Хадли 34 оноогоор багаа тэргүүлсэн. Тэрбээр таван удаа холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэсэн бол гараанд гарч тоглосон н.Азбаяр мөн таван удаа гурвын шидэлтийг байндаа тусгажээ. Тэрбээр 27 оноогоор удаахь шилдгээр тодорсон. Үндсэн цагт 87:75 харьцаатай “Баянзүрх Буллс” баг маш чухал ялалтыг өчигдөр авлаа. “Офицер” багийг хожоод байсан “TLG” хэрэв энэ тоглолтод ялалт байгуулсан бол “Буллс” эхний тойрогт плей-оффын байрлалаас хасагдах магадлал өндөр байсан юм.
Т.Маша