“2010 CAN!” фестивальд монголчууд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

“2010 CAN!” фестивальд монголчууд оролцжээ

Сингапурт ирэх наймдугаар сарын 14-нээс 26-ны өдрүүдэд болох Дэлхийн Залуучуудын анхдугаар олимпийн тоглолтыг сурталчлах зорилгоор Сингапурын Зохион байгуулах хорооноос 2010 CAN! (Create Action Now) Festival нэртэй цуврал арга хэмжээг ирэх дөрөвдүгээр сар хүртэл зохион байгуулж байгаа билээ.  Энэхүү сурталчилгааны ажлын нэг болох “Урлаг” сэдэвт арга хэмжээ өнгөрсөн сарын 27-нд Сингапурын “Marina Barrage”-н төв талбайд болсон байна. Уг арга хэмжээнд Сингапурын хүүхэд, залуучуудын дуу бүжгийн хамтлагууд тоглолтоо үзүүлж, мөн бүжгийн хамтлагууд нь хоорондоо бүжгийн тэмцээнд өрсөлджээ.
Сингапур дахь Монголын ЭСЯ,  тус улсад сурч, амьдарч байгаа 40 гаруй Монгол иргэн хамтран урлагын тоглолт үзүүлжээ.

Монгол Улсын “Asian culture” компанийн шугамаар Сингапурт ирсэн уран нугараач Т.Пүрэвсүрэн, Б.Сэлэнгэ нарын “Уран нугаралт”-ын үзүүлэн тоглолт, Канадын боловсролын сургуулийн англи хэлний курсын оюутан М.Төгөлдөрийн морин хуур хөгжмийн аялгуу, Удирдлагын хөгжлийн дээд сургуулийн оюутан Б.Билэгтийн “Баяд биелгээ” бүжиг, “Пинг И” ахлах сургуулийн сурагч О.Минжингийн дуулсан монгол, англи дуунууд нь фестивальд оролцогч олны талархлыг хүлээсэн аж. Мөн зохион байгуулах хорооноос бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу фестивалд оролцогч хүүхдүүд Олимпийн үеэр хэрэглэх тэмдэг, уут, энгэрийн ялгах тэмдгийг хийжээ.
Тэд мөн Дэлхийн Залуучуудын Олимп-д оролцох баг тамирчдад амжилт хүсэж цаасан шувууг хийж хөөргөх арга хэмжээнд Монгол залуучууд идэвхтэй оролцсон байна. Зохион байгуулах хорооны мэдээлснээр уг фестивалийг зохион байгуулахад 80 гаруй сайн дурынхан ажиллаж, нийт 500 гаруй хүүхэд, залуучууд оролцжээ.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж