Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Европын цуврал дөрвөн тэмцээнд оролцохоор энэ сарын эхээр хилийн дээс алхсан Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид ирэх амралтын өдрүүдэд буурал тив дэх ээлжит тулаанаа хийгээд эх орондоо ирэх гэж байна. Парисын “Их дуулга”, Будапешт болон Обервартад болсон “Дэлхийн цом”, залгуулаад Дюссельдорфын гран-прид барилдсан жүдочдын сүүлийн “зогсоол” нь Чех болон Польш улсад болох “Дэлхийн цом”-ын тэмцээн юм. Чехийн нийслэл Праг хотноо эрчүүд, харин эмэгтэй жүдочид Польшийн Варшавт хоёрдугаар сарын 25, 26-нд буюу ирэх амралтын өдрөөр өрсөлдөнө.

Олимпийн жил учир Монголын төдийгүй гадны тамирчид том, бага гэлтгүй бүхий л тэмцээн, уралдаанд ач холбогдол өгч байна. Жүдочдын хувьд Олон улсын жүдо бөхийн холбооноос жилийн туршид зохион байгуулдаг чансаагаар харилцан адилгүй цуврал тэмцээнүүдэд алгасалгүй оролцож, чансааны оноо цуглуулах дүрэмтэй. Улмаар тус холбооноос томоохон тэмцээний дараа шинэчлэн гаргадаг жин, жингийн бөхчүүдийн чансаанд эрэгтэйчүүд эхний 22, эмэгтэйчүүд эхний 14 байрт багтсан тамирчид олимпийн татамид гарах эрхтэй болно. Ингэхдээ 2012 оны тавдугаар сард чансааг эцэслэн дүгнэх юм. Тэгвэл, байнгын бэлтгэл, формтой байж, тэмцээн алгасалгүй зодоглож, тогтмол өндөр амжилт үзүүлж буй тамирчдыг шигшин олимпийн татами дахь өрсөлдөөнийг хурцлах гэсэн IJF-ийн зорилго, шалгуурт нийцэж буй дэлхийн сор болсон тамирчдын нэг нь Х.Цагаанбаатар. Узбекистаны Ришод Собиров /60 кг/, ОХУ-ын Муса Могушков /66 кг/, Францын Тедди Ринье /+100 кг/, БНСУ-ын Ван Ки Чун /73 кг/, Японы Анаи Такамаса /-100 кг/ гээд жингийнхээ ангилалд босоо байгаа жүдочдын адил Х.Цагаанбаатар 66 кг-ын жинд Монголын нэрийг дэлхийд тахалж буй.

Олимпийн эрхийн оноогоо хадгалж байхын тулд өвдгөндөө бэртэлтэй, шөрмөс сунаж, сэмэрсэн гэсэн оноштойгоор жил гаруй хугацаанд барилдаж, ингэхдээ 66 кг-ын жингийн чансааны тэргүүн жүдоч гэх хэргэмээ хадгалж чадсан тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард мэс засал хийлгэсэн билээ. Тэмцээн алгасахгүй оролцох шаардлагатай тул жил гаруй хугацаанд эмчилгээгээ хойш тавьсаар цаг хугацааны хувьд хамгийн боломжтой үе хэмээн өнгөрсөн намар БНСУ-д очиж, өвдгөндөө мэс засал хийлгэсэн юм. Ямар хугацаанд эмчлэх, хэдий хугацаанд бэлтгэл сургуулилтаас хол байх гээд бүхий л талаас нь судалж байж мэс засал хийлгэсэн тухай Х.Цагаанбаатараас гадна түүний багш, дасгалжуулагч нар нь хэлж байсан. Ингээд мэс заслаас хойш хоёр сар орчим хугацааны дараа Улсын аварга, Зүүн Азийн аварга, Ази тивийн хошой аварга, Азийн наадмын аварга, Дэлхийн аварга, бас “Дэлхийн цом”, “Их дуулга”, Гран-при, “World Masters”-ын аварга Х.Цагаанбаатар жүдогийн татамидаа эргэн иржээ. ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороогоор овоглож, “Оюутолгой” компанийн элч тамирчнаар сонгогдсон түүний мэс заслаас хойш оролцсон анхны тэмцээн нь жүдо бөхийн хэвтээ барилдааны УАШТ байлаа. Өөрийнхөө жинд босоо байж, төвөггүй түрүүлсэн тэрбээр удалгүй хилийн дээс алхаж, Амстердамын Гран-при тэмцээнээс хүрэл, БНСУ-д болсон “Дэлхийн цом”-д жин өгсөн барилдаж, мөнгө, дараа нь оны өмнөхөн чансаа өндөр Токиогийн “Их дуулга”-аас үндсэн жиндээ хүрэл медаль хүртжээ. Олимпийн жилийн эхний тэмцээн болох “World Masters” өнгөрсөн нэгдүгээр сарын 14, 15-нд Казахстаны Алматы хотноо болоход Х.Цагаанбаатар мөнгөн медалийн тавцанд гарсан. Ингээд жүдочид хоёрдугаар сарын эхээр Европын цувралд морджээ. Тэдний анхны зогсоол Парисын “Их дуулга” байсан бөгөөд Х.Цагаанбаатар “бага дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнээс хүрэл медаль зүүв. Дараа нь Обервартын “Дэлхийн цом”-д жин өгсөн 73 кг-д барилдсан бол өнгөрөгч амралтын өдрөөр Германы Дюссельдорф хотноо болсон Гран-при тэмцээнд тэрбээр үндсэн жиндээ зодоглож, мөнгөн медалийн тавцанд гарчээ. Одоо тэр 25, 26-нд болох “Дэлхийн цом”-д зодоглоод  эх орондоо ирнэ. Үндсэндээ тэр мэс засал хийлгэснээс хойш оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртжээ. Ингэхдээ гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай.

Харин олимпийн өмнөх жил буюу өнгөрсөн 2011 онд Х.Цагаанбаатар харийн дэвжээнд 12 тэмцээнд оролцож, гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, дөрвөн тэмцээнд шагналт байрт шалгарчээ. Энэ хугацаанд нийт 51 барилдаан хийхдээ 41 ялж, 10 ялагдсан. Тэрхүү 41 ялалтын 30 нь цэвэр ялалт. Харин арван ялагдлын хоёр нь иппон, гурав нь вазари, хоёр нь юүко үнэлээгээр, гурав нь цаг сунгаж хожигдсон гэсэн бахдам амжилтыг үзүүлжээ.

Х.Цагаанбаатарын 2011 онд үзүүлсэн амжилтыг товч танилцуулбал:

  • “World Masters” /2011.01.15,16-нд Баку, Азербайжан/ – алтан медаль
  • “Их дуулга” /2011.02.05,06-нд Парис, Франц/ – шагналт байр
  • “Дэлхийн цом” /2011.02.26, 27-нд/ Варшав, Польш/ – шагналт байр
  • Азийн АШТ /2011.03.05-07-нд Абу Даби, АНЭ/ – мөнгөн медаль
  • “Их дуулга” /2011.05.28, 29-нд Москва, ОХУ/ – шагналт байр
  • “Их дуулга” /2011.06.18, 19-нд Рио де Жанейро, Бразили/ – шагналт байр
  • “Дэлхийн цом” /2011.06.25, 26-нд Сан Паулу, Бразили/ – мөнгөн медаль
  • “Дэлхийн цом” /2011.07.01, 02-нд Майами, АНУ/ – алтан медаль
  • “Дэлхийн цом” /2011.09.10, 11-нд Улаанбаатар, Монгол/ – алтан медаль
  • Гран-при /2011.11.19, 20-нд Амстердам, Нидерланд/ – хүрэл медаль
  • “Дэлхийн цом” /2011.12.02, 03-нд Чежү, БНСУ/ – мөнгөн медаль
  • “Их дуулга” /2011.12.09-11-нд Токио, Япон/ – хүрэл медаль

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Оюутолгой” компанийн элч тамирчин Х.Цагаанбаатар өдгөө 66 кг-ын жинд чансаагаараа хоёрдугаарт /тэрбээр 1198 оноотой байгаа бол, ОХУ-ын жүдоч Муса Могушков 1280 оноотой чансааг тэргүүлж байна/ эрэмбэлэгдээд буй.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж