“Энержи Ресурс” баяжуулах үйлдвэрээ өргөтгөв

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

“Энержи Ресурс” баяжуулах үйлдвэрээ өргөтгөв

Өмнөговийн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд олборлолт хийж буй “Энержи
Ресурс” компани нүүрсийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн эхний модулийг
өнгөрсөн оны зургадугаар сард ашиглалтад оруулсан. Энэхүү үйлдвэрийн хоёрдугаар
модулийг энэ сарын 16-нд улсын комисс хүлээн авснаар тус компани нүүрс
баяжуулах үйлдвэрийнхээ хоёр дахь хэсгийг нээсэн байна. Хоёрдугаар модуль нь
жилд доод тал нь 6000 цаг ажиллах бөгөөд цаг тутамд 850 тонн, жилдээ 5 сая тонн
нүүрс баяжуулах хүчин чадалтай ажээ. Үйлдвэрийн хоёрдугаар модуль ашиглалтад
орсноор Ухаахудагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчин чадал 10 сая тонн болж
өргөжиж буй юм.

“Энержи Ресурс” компани үйлдвэрийн гуравдугаар модулийг энэ оны сүүлээр
ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 
Гуравдугаар модуль ашиглалтад орсноор уг үйлдвэр жилдээ 15 сая тонн
нүүрс баяжуулна. Үйлдвэрийн гурван модуль энэ онд бүрэн ашиглалтад орсноор
“Энержи Ресурс” зөвхөн боловсруулсан нүүрс экспортлогч болохоор зорьж байна
хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлсэн байна.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн хоёрдугаар модулийн тоног төхөөрөмжийн зардал
ойролцоогоор 91 сая ам.доллар болжээ. Үйлдвэрийн зураг төсөл, тоног төхөөрөмж
нийлүүлэлт, барилга угсралтын менежментийг Австралийн “Сэжман” компани
хариуцан, “Энержи”-гийн инженерүүдтэй хамтран гүйцэтгэж буй ажээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж