“Энержи ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаахудагийн коксжих нүүрсний ордыг түшиглэн ажилладаг. Тус ХХК нүүрсний уурхай, Монголд анхны нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, ус хангамжийн систем, авто зам, ажилчдын хотхоноос бүрдсэн, олон улсын жишиг стандартад нийцсэн уул уурхайн цогцолборыг богино хугацаанд ашиглалтад оруулсан юм. Мөн Монголын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлох шинэ гарц, боломжийг нээж харуулж чадсан тул “Төрийн гэрэг”-ний эзэн боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг шагналыг “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлд өнөөдөр гардуулсан юм. Уул уурхайн цогцолборыг богино хугацаанд ашиглалтад оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэлд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, барилга угсралт хариуцсан захирал Дамдинсүрэнгийн Энхбаатар, М-Си-Эс Проперти ХХК-ийн гүйцэтгэх захирал Баатархүүгийн Даваа-Очир, М-Си-Эс Интернейшнл ХХК-ийн дэд захирал Пүрэвдоржийн Ширчинсүрэн нарт Алтан гадас одон, “Энержи ресурс” ХХК-ийн харъяа Энрестехнологи ХХК-ийн захирал Цэдэнбалжирын Баярмагнай, М-Си-Эс Интернейшнл ХХК-ийн газрын дарга Дариймаагийн Гантөмөр нарт Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулж баяр хүргэлээ.
Ерөнхийлөгч шагнал гардуулсны дараа товч үг хэллээ. “Цагаан сарын шинийн нэгний өмнөх битүүний энэ өдөр өнгөрсөн оноос эхлэн жил бүр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал олгож байгаа. Монголчууд бид бүтээх ёстой, үйлдвэрлэх ёстой, хийх ёстой. Монголын инженерүүд, сайн менежерүүдийн хүчин зүтгэлээр Тавантолгойд нүүрсний баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, олон улсын жишигт нийцсэн бусад сайхан цогцолборыг богино хугацаанд бүтээж бий болголоо. Энэ бол Монголын хөгжилд, Монголын бусад үйлдвэрлэгчдэд үлгэр жишээ болохуйц бүтээн байгуулалт гэж бодож байна. Энэ үйл хэрэгт гар бие оролцсон, хувь нэмэр оруулсан нийт бүтээлч иргэддээ, бүтээлч менежерүүддээ бүгдэд нь халуун баяр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ өндөр шагналынхаа эзэн болж яваараа, дахин та бүхэнд баяр хүргэе ”гэлээ.
Одоо шилдэг уяачдад цол олгох гэж байна.