Бүсчлэл харгалзахгүй 20 төгрөгөөр ярьдаг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Бүсчлэл харгалзахгүй 20 төгрөгөөр ярьдаг боллоо

МЦХ ХК-ийн Маркетингийн албаны дарга Л.Гантулга: Тухайн операторуудад хэрэглэгчдийнх нь өмнөөс бид шаардлага тавьж, залруулахыг оролдож байна
 
“Монголын Цахилгаан Холбоо” компани орон нутгийн суурин утасны хэрэглэгчдийн дугаарлалтыг илүү хялбар, энгийн болгож өөрчилж байгаа. Зарим үүрэн холбооны оператороос тусгай дугаарууд руу залгахад ярианы төлбөр гарч байгаатай холбогдуулан тус компанийн Маркетингийн албаны дарга Л.Гантулгаас дараах тодруулгыг авсан юм.
– Сайн байна уу? Монголын Цахилгаан Холбоо компанийн орон нутаг дахь суурин утасны дугаарлалт өөрчлөгдсөний дараа шинэ дугаарлалт бүхий тусгай дугаарууд руу /101, 102, 103 гэх мэт/бусад үүрэн холбооны хэрэглэгчид залгаж ярихад төлбөр унаж байна гэсэн мэдээллийг авлаа. Эдгээр нийгмийн үйлчилгээний зориулалттай тусгай дугаарууд руу залгахад ярианаас ямар ч төлбөр унах ёсгүй байдаг. Ямар шалтгааны улмаас төлбөр унаад байгаа вэ?
Хэрэглэгчид нийгмийн үйлчилгээний зориулалттай 102,103 гэх мэт дугаарууд руу залгахад тухайн орон нутгийнхаа шинэ угтвар дугаарыг цуглуулж залгаж байгаа. Зарим үүрэн холбооны оператороос эдгээр тусгай дугаарууд руу залгахад холбогдохгүй байх, холбогдсон ч төлбөр унаж байгаа гэх асуудал харилцан адилгүй гарч байна. Өөрөөр хэлбэл энэ асуудал нь тус компаниас бус тухайн сүлжээ бүхий операторын үйл ажиллагаанаас шалтгаалж эдгээр доголдлууд гарч байгаа гэдгийг хэрэглэгчид маань ойлгох хэрэгтэй. Иймээс операторууд маань уг асуудал дээр анхаарч, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна.
-Танай компанийн зүгээс дээрх асуудалд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
“Монголын Цахилгаан Холбоо” компанийн зүгээс орон нутаг дахь суурин утасны хэрэглэгчийн дугаарлалтыг өөрчлөхтэй холбогдуулан харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээ бүхий бүх оператруудад шинэ дугаарлалт, түүнийг шилжүүлэх хуваарийг албан тоотоор хүргүүлсэн байгаа. Тусгай дугаар дээр гарч байгаа асуудлын тухайд бид тухайн операторуудад хэрэглэгчдийнх нь өмнөөс шаардлага тавьж, залруулахыг оролдож байна. Хэрэв дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол иргэд ярианы дансандаа нэгжгүй байх үедээ түргэн тусламж авч чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсэхээр байгаа тул энэ асуудлыг харилцаа холбооны операторууд хамтдаа шийдвэрлэж, нийгмийн хариуцлагаа биелүүлж ажилламаар байна.
-Орон нутгийн суурин утасны дугаарлалтыг өөрчилсний дараа ямар нэгэн чирэгдэл, доголдол гарсан болов уу ?
Одоогоор хэрэглэгчдээс өөр санал гомдол ирээгүй, дугаарлалт шилжүүлэх ажил хуваарийн дагуу ном журмаараа, хэвийн явагдаж байгаа гэж ойлгож болно.
-Ер нь дугаарлалтыг өөрчлөх шаардлага үнэхээр байсан юм уу? Үүний ач холбогдол нь юу вэ? Хэрэглэгчдэд ямар нэгэн давуу тал бий болж байгаа юу?
Өмнө нь суурин утасны хэрэглэгчид хот хооронд дуудлага хийх бүртээ олон оронтой тоо цуглуулж залгадаг байсан. Харин одоо хот хооронд болон бусад сүлжээнээс дуудлага хийхэд олон оронтой тоо цээжилж, цуглуулах, цаг алдах хүндрэлгүй болсон. Мөн хот хооронд дуудлага хийхэд харилцан адилгүй ярианы тариф гардаг байсныг дугаарлалтын шилжилттэй холбоотойгоор хот хооронд болон хотын доторх ярианы тарифын заагийг арилгаж, салбарынхаа жишгийн дагуу Монгол орон даяар бүсчлэл харгалзахгүй өөрийн суурин утасны сүлжээндээ нэг тарифаар буюу 20 төгрөгөөр ярих боломжтой болж байгаагаараа онцлогтой юм.
 
З.Билгүүн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж